УИХ-ын Эдийн засгийн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав.
УИХ-ын гишүүн С.Чинзориг "Манай улсад өнөөдрийн байдлаар хэчнээн койн гарч, хэдэн хүн үйлчлүүлж, хэчнээн тэрбум төгрөгийн хөрөнгө татан төвлөрүүлсэн бэ?
Энэхүү хөрөнгийн хэмжээнд, мөнгөний урсгалд хяналт тавьж чадаж байна уу? Хууль батлагдахаас өмнө гарсан койныг яаж зохицуулах вэ? Иргэд хохирвол яах вэ?" хэмээн асуув.
Түүний асуултад УИХ-ын гишүүн Н.Учрал "Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль виртуал хөрөнгийн зах зээлийг шууд зохицуулах хууль биш. Санхүүгийн зохицуулах хорооноос авсан мэдээллээр виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж буй есөн бирж байна.
Хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нар дээр нийт найман койн, олон нийтээс хөрөнгө татаад арилжаа нь арай хийгдээгүй 10 койн байна. Одоо үйлчилгээ үзүүлж буй биржүүд хуулийн дагуу дөрвөн сарын дараа шинэ шалгуурын дагуу хүсэлтээ гаргаж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх ёстой. Ингээд улсын бүртгэлийн газар тухайн биржийг виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч гэдгээр бүртгэж, СЗХ хяналт тавих эрх нээгдэнэ.
Одоо байгаа биржүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Мэдээлэл гаргаж өгөх үүрэгтэй этгээд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нар болно. Сэжигтэй гүйлгээнүүдэд хяналт тавих боломж хуулиар олгогдох юм" гэдгийг хэллээ.