Дэлхийд крипто арилжааны зах зээлд олон мянган нэр төрлийн криптовалют байгаагийн дотор монголчууд койныг
илүү мэддэг. Өнөөдрийн
байдлаар 2 тэрбум орчим ам.доллараар хэмжигдэж
буй крипто зах зээлийн өсөлт өдрөөр биш, цаг минутаар хөгжиж эхэлсэн. Монголчууд бидэнд энэ салбарыг
цаг алдалгүй ойлгох, мэдлэг мэдээллээ дээшлүүлэх, цаашлаад сонирхон судлах
хэрэгцээ шаардлага зүй ёсоор гарч байна.
Улстөрчдийн “сайхан сэтгэл”, эцэг маягийн хэтийдсэн “халамж” эрх мэдэлтнүүдийг иргэдийн өмнөөс шийдвэр гаргаж, хуульд заагаагүй эрх мэдлийг өөртөө авч буйг зөвтгөх шалтгаан болох уу?
УИХ-ын дарга нь “УИХ-аар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл эцэслэн батлагдаж, хэрэгжиж эхлэх хүртэл шинээр олон нийтэд койн гаргах, арилжаанд шинээр оруулах болон тэдгээртэй холбогдсон үйл ажиллагаа явуулахыг түр хугацаагаар хязгаарлахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон” нь ихэд ээдрээтэй сонсогдож байсан. Гэтэл дараахан нь СЗХ-ноос мөн л хуулиар өөрт нь олгогдоогүй “зохицуулалт” хийж орхив.
Яагаад ийм мэдэгдэл гаргасан талаар нь асууж лавлахад. Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт,
зохицуулалтын газраас
“Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай” хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хооронд нөхцөл байдал маш хурдан өөрчлөгдөж байна.Энэ хуулийг өргөн барьж байх үед ганцхан койнтой л байсан. Долдугаар сараас хойш нэмэгдэж гарсаар байгаад одоо үндсэндээ 12 койн явж байна. Дахиад 27 койн нэмж
гарахаар
төлөвлөгдсөн гэхээр энэ олон койн гараад ирэхээр зах зээлд халуурал хөөсрөл бий болоод ирж байна. Хуулиар манай СЗХ-нд олгогдсон бүрэн эрх байхгүй шүү дээ. Гэсэн ч бид хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах үүднээс тодорхой хязгаарлалт тавья. Койны ямар нэг арилжаанд оролцож байгаа хүмүүс анхааруулж хязгаарлалт хийсэн” хэмээн тайлбарлав.
Ийнхүү хуульд заагаагүй зохицуулалт хийсэн шалтгаанаа тэрбээр “Хүмүүс богино хугацаанд мөнгөө өсгөх сонирхол их байна. Эрсдэлээ харж чадахгүй байна” гэдгээр тайлбарлав.
Эдгээр тайлбарууд нь хэдийгээр иргэдээ эрсдэл хүлээхээс сэргийлж буй агуулгатай сонсогдож байгаа ч “шийдвэр гаргах чадамжгүй”, “үүрэг, хариуцлагаа ухамсарлах чадваргүй”, “шийдвэр гаргахаасаа өмнө мэдээлэл хайж, олж дүгнэлт хийж, зөв шийдвэр гаргах чадваргүй” иргэдийн өмнөөс эрх мэдэлтэн албан тушаалтанууд, басамжилсан
шийдвэр гаргаж байхыг иргэд хүснэ гэж үү.
УИХ-ын дарга Г.Занданшатарын фэйсбүүк дээрх постын дараа хуульч Т.Бат-Оргил ийнхүү бичсэн байв. “УИХ-ын дарга ийм шийдвэр гаргаад бас түүнийгээ ингэж ярьж байгаад итгэж ядаж байна.“Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий” гэдэг. Батлагдаагүй хуулийн сургаар гүйцэтгэх засаг УИХ-ын дарга, өөр хэн ч бай, хэн нэгэн албан тушаалтны даалгавраар нийгэм-эдийн засгийн харилцааг зогсоох, зохицуулах эрх байдаггүй, эрх зүйн бичигдээгүй зарчим үйлчилдэг билээ. Захиргаа болон эрүүгийн эрх зүйн зарчим нь албан тушаалтан зөвхөн ХУУЛЬД ШУУД ЗААСАН эрх,
үүргийг хэрэгжүүлж
л болдог. Ийм гоомой шийдвэр гаргаснаараа зах зээлийн шударга өрсөлдөөнийг боомилж, түрүүлж койн гаргасан этгээд, түрүүлж үйл ажиллагаа эхлүүлсэн биржүүдэд ёс бусаар давуу тал үүсгэж, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийг шууд зөрчиж байна. Аливаа нийгмийн харилцааг зогсоох гэж байгаа бол хууль гарах ёстой. Харин энэ шийдвэрийг дагах эрх зүйн үндэс СЗХ-нд ч, бидэнд ч үгүй билээ” гэжээ.Одоогоор криптовалютыг зохицуулах ямарч
хууль дэлхийн аль ч оронд байхгүй.
Б.ДОРЖ