Угаарын хийн хордлогын өнгөрсөн долоо хоногийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар "Таван толгой түлш" компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн албаны дарга Ч.Буянжаргал мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнгөрсөн 7 хоногт есөн айлаас угаарын хийн хордлогод өртсөн талаар дуудлага 103 дугаарт ирсэн. Нийт 17 хүн хордлогод өртсөн бөгөөд ерөнхийдөө биеийн байдал нь тогтвортой байна. Эдгээр айлд очиж нөхцөл байдлыг үзэхэд найм нь энгийн монгол зуухтай бөгөөд зуухны битүүмж алдагдсан байсан. Битүүмж алдагдсаны улмаас шаталт дутуу явагдаж, утаа гарсан байна.
Бүх айлд байгаа угаарын хийн мэдрэгч дээр угаарын хийн хэмжээг дамжуулах мэдрэгч суурилуулсан. Өнгөрсөн 7 хоногт нийт 156 удаа угаарын хийн хэмжээ нэмэгдсэн талаар дуудлага манай хяналтын дэлгэцэд ирсэн. Шөнийн дуудлага 63 удаа ирсэнд манай шуурхай баг очиж ажиллан 260 гаруй иргэний амь насанд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргүүлж ажилласан. "Таван толгой түлш" компани хангамжийн 10 баазаараа дамжуулан сайжруулсан шахмал түлшний шуудайг буцаан худалдан авах ажлыг энэ лхагва гаригаас нэг шуудайг 300 төгрөгөөр үнэлж худалдан авна" гэв.