Цар тахлын дөрөв дэх давалгаа томуугийн дэгдэлттэй хавсарч байгааг Эрүүл мэндийн яам, Засгийн газар мэдээлсэн. Учир нь, томуу болон Covid-19-ийн мутацлагдсан хувилбар омикрон нь ижил шинж тэмдэгтэй болохыг эмч мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Хэрэв омикроноор хөнгөн өвдсөн бол эмнэлэгт хэвтэх шаардлагагүй бөгөөд гэрийн нөхцөлд эмчилнэ гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Харин томуугаар өвдсөн бол гэрийн нөхцөлд авах арга хэмжээний талаар "Зинт клиник"-ийн хүүхдийн эмч Т.Навчаа мэдээлэл өглөө. Тэрбээр “Томуу нь ханиадаас ялгаатай нь А болон Б хүрээний вирусээс үүсгэгдэнэ. Илрэх шинж тэмдэг нь халуурна, булчин шархирах шинж тэмдэг илэрдэг. Хүүхдүүдийн хувьд ойр ойрхон зайтай маш өндөр халуурдаг. Энгийн ханиад хоёр, гурван хоног халуурч намддаг бол томуу зургаан хоног үргэлжлэх тохиолдол байдаг. Булчин шархирч өвдөхийг бага насны хүүхдүүд илэрхийлж чаддаггүй учраас хөдөлгөөн нь эрс багасдаг, маш их ёолж ярагладаг. Харин ханиад хүрсэн үед булчин өвдөх нь маш бага.
Мөн томуугийн үед маш их ядарч, маш их ханиана. Мөн ханиах үед шинж тэмдэг илэрдэг. Томуугийн үед хамар битүүрэх нь нийтлэг шинж тэмдэг. Томуу бол томуу төст өвчнийг харьцуулахад харьцангуй хүнд. Хэрэв хүүхэд хөнгөн өвдсөн бол халуун бууруулах, өвдөлт, ханиалга намдаах эмчилгээг гэртээ хийж болно. Шингэн зүйл ойр ойрхон халуун бүлээнээр уулгах хэрэгтэй.
Хүүхдүүдийн хувьд томуугаар өвдсөн үедээ илүү олон хоног халуурч, таталт өгөх нь нийтлэг. Ялангуяа 2-оос доош насны хүүхэд бөөлжиж суулгах нь томуугийн шинж юм. Хэрэв гурван сар хүрээгүй хүүхдэд ийм шинж тэмдэг илэрвэл эмчид заавал үзүүлнэ” гэлээ.