Бурхан багшийн мэндэлсэн өдөр буюу Их Дүйчэн өдөр зуны эхэн сарын шинийн 15-нд тохиодог. Энэ жил Их Дүйчэн өдрийг “Ёс суртахуунаа эрхэмлэе” уриан дор энэ сарын 27, 29-нд тэмдэглэх гэж байгаа талаар Төв Гандантэгчэнлин хийдээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Цаашдаа энэ өдрийг нийслэлийн иргэдийн 20 гаруй хувь оролцдог нийтийн баяр болгох зорилготой байгаа хэмээн олон улсын Буддист нийгэмлэгийн менежер Ц.Буянхишиг хэллээ.
Их Дүйчэн өдрийг Төв Гандантэгчэнлин хийд болон бурхан шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 орчим төрийн бус байгууллага, төвүүд хамтран зохион байгуулах юм байна. Их Дүйчэн өдрийг тохиолдуулан хандивын аяныг өрнүүлж цугларсан хөрөнгөөр хар тамхи, мансууруулах бодис зэрэг залуучуудын хорт зуршлын эсрэг арга хэмжээнд зарцуулах аж.
-ИХ ДҮЙЧЭН ӨДРИЙН ХӨТӨЛБӨР-
- Тавдугаар сарын 27-нд 15:00-16:30 цагт Гандантэгчэнлин хийдээс Сүхбаатарын талбай хүртэл төв зам дагуу “Хүндэтгэлийн жагсаал” болно.
- Тавдугаар сарын 29-нд 16:30-20:00 цагт Сүхбаатарын талбайд “Амар Амгалан” нэртэй бясалгал флаш моб, урлагийн тоглолт, лекц баярын үйл ажиллагаа болно.
- Тавдугаар сарын 29-нд 05:00-21:00 цагт Гандантэгчэнлин хийдэд хурал номын зан зүйл, урлаг соёлын үйл ажиллагаа зохион байгуулагдах бөгөөд нээлтийн ажиллагаанд /10:00 цагт/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд нар үг хэлнэ.
Баярын арга хэмжээг зөвхөн шашны талаас нь харах бус нийгэмдээ зөв хүн байхын төлөө эв санаагаар нэгдэж, хүнлэг энэрэнгүй байж, бясалгал үйлдэхийг зохион байгуулагчид уриалсныг дуулгаж байна.