Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор Хан-Уул дүүргийн 21 хорооны гурван хороог хувааж, дөрвөн хороог шинээр байгуулж, нийт 25 хороотой болсон. Үүнтэй холбогдуулан дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Цэрэн нар өнөөдөр хороодын албан хаагчидтай уулзаж, иргэдээс ирүүлсэн гомдол, саналыг сонслоо.
Засаг дарга Ж.Алдаржавхлан дүүргийн хүн ам, айл өрх, газар нутгийн хэмжээг харгалзан шинээр 4 хороо байгуулж, дүүрэг нийт 25 хороотой болсон, ингэснээр иргэдэд хүргэх төрийн үйлчилгээ шуурхай саадгүй болохын дээр ажил үйлчилгээний чанар хүртээмжид ахиц гарна гэж үзэж байгаагаа онцлоод “Анхан шатны нэгжид цар тахлын үед ачаалал өндөр байгааг ойлгож байна.
Дүүргийнхээ иргэдийн ая тухтай, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг сайжруулах бидний зорилт та бүхнээс ихээхэн шалтгаалах тул иргэдтэй ажлын өрөөнд биш тэдний амьдарч буй орчинд нүүр тулан уулзаж, тулгамдсан асуудал бэрхшээлийг нь сонсож, шат шатны удирдлагуудад уламжлан тухай бүр нь шийдвэрлэх тал дээр онцгой анхаарч ажиллах шаардлагатай.
Ханиад томуутай хавсарч коронавирусийн халдвар өндөр эрсдэлтэй байгаа энэ үед хороо, өрхийн эрүүл мэндийн төв иргэдтэйгээ улам ойр байж, шаардлагатай арга хэмжээ авч, холбогдох дээд шатны байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй” гэлээ.
Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Цэрэн хороодын Засаг дарга, албан хаагчдаас чиг үүргийн дагуу хог тээвэрлэлт, бусад тулгамдсан асуудлын талаар санал солилцож, “Хоггүй Хан-Уул” зорилтын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэр дэх хур хоггүй болох ажлыг эрчимжүүлэн уялдаа холбоогоо сайжруулан, асуудал гарвал тухай бүр хурдан шуурхай шийдвэрлэн ажиллах зэрэг мэдээллийг өглөө.