Цахим бодлогын түр хороог 26 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллуулна
5 сарын 23, 2018

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2018.05.23) хуралдаанаар гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Байнгын хорооны хуралдаан 9 цаг 34 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлсэн юм.

ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ХЭЛЭЛЦЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭЖ ҮЗЛЭЭ

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийн үзэл баримтлалын талаарх төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцуулсан юм.

Улсын Их Хурлын 2015 оны 85 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийн 2.2 дахь хэсэгт “Монгол Улсын батлан хамгаалах тогтолцооны үндэс нь төр, захиргааны байгууллагууд, нийт иргэний оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалт, мэргэжлийн цэрэгт суурилсан зэвсэгт хүчин, нэгдмэл удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгаа болно.” хэмээн тодорхойлж, Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт “Орон нутгийн хамгаалалт нь Монгол Улсын өөрийгөө хамгаалах стратеги бөгөөд төрийн бүх шатны байгууллагын хамтын ажиллагаа, бүх нийтийн оролцоонд тулгуурлана', мөн хуулийн 7.4 дэх хэсэгт “Орон нутгийн хамгаалалтын харилцааг хуулиар зохицуулна” гэж тус тус заасан. Энэ үндсэн дээр Орон нутгийн хамгаалалтын тухай анхдагч хуулийн төслийг боловсруулсан гэдгийг салбарын сайд онцлов.

Мөн Улсын Их Хурлын 2006 оны 98 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Төрөөс орон нутгийн хамгаалалтын талаар баримтлах бодлого” баримт бичигт орон нутгийн хамгаалалтын талаар тодорхой заалтууд тусгагдсан бол Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд орон нутгийн хамгаалалтад тулгуурласан батлан хамгаалах, зэвсэгт хүчний нэгдмэл тогтолцоог төлөвшүүлж, зэвсэгт хүчнийг мэргэжлийн чиг баримжаатай, чадварлаг болгож хөгжүүлэхээр заажээ. Түүнчлэн Батлан хамгаалах тухай хуулийн 7.2 дахь хэсэгт “Монгол Улс орон нутгийн хамгаалалтад тулгуурласан батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог бүрдүүлнэ' гэж заасан нь хуулийн төслийг боловсруулах хууль зүйн үндэслэл юм.

Харин практик хэрэгцээ, шаардлагын хувьд Улсын Их Хурлаас 2006 онд “Төрөөс орон нутгийн хамгаалалтын талаар баримтлах бодлого” баримт бичгийг баталсан ч уг бодлогын баримт бичигт туссан зорилтыг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдээгүй байгаа тул орон нутгийн хамгаалалттай холбогдох харилцааг шинээр хуульчлан тогтоох шаардлагатай болсон байна.

Хуулийн төслийг боловсруулахдаа ОХУ, АНУ, БНХАУ, БНСУ, Сингапур, Швейцарь, Израйль зэрэг газар зүйн байрлал, бүс нутгийн цэрэг-улс төрийн нөхцөл, газар нутгийн хэмжээ, эдийн засгийн хүчин чадал зэргээрээ харилцан адилгүй орнуудын хууль тогтоомжийг судлан үзэж, өөрийн орны онцлогт тохирсон, бүх нийтийн оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалтын тогтолцоог бий болгоход анхаарсан. Хуулийн төслийн хэлэлцүүлгийг 2017 оны 11 дүгээр сард улсын хэмжээнд бүх аймаг, нийслэлд, энэ оны 1 дүгээр сард аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга нарын цугларалтаар тус тус зохион байгуулж, 200 гаруй санал гарсаныг судлан үзэж хуулийн төсөлд тусгасан. Түүнчлэн “Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдал ба орон нутгийн хамгаалалт” сэдэвт улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлыг энэ оны 3 дугаар сард зохион байгуулсан гэдгийг сайд илтгэлдээ дурдлаа.

Уг хуулийн төсөл нь нийт зургаан бүлэгтэй юм. Хуулийн төсөл батлагдсанаар иргэний эх орноо хамгаалах Үндсэн хуулийн заалт хэрэгжих, орон нутгийн хамгаалалтын талаар иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын бүрэн эрх, чиг үүргийн уялдаа хангагдаж, улсын орноо батлан хамгаалах нэгдмэл тогтолцооны цогц байдал бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж.

Хуулийн төслийн үзэл баримтлалын талаарх төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Ж.Энхбаяр, Н.Оюундарь, А.Ундраа нар Батлан хамгаалахын сайд болон хуралдаанд оролцсон тус яамны холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийллээ.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, батлан хамгаалах салбарт сүүлийн 3-4 жилд эрх зүйн томоохон шинэчлэл хийгдэж байгаа. Өмнөх Улсын Их Хурлын үед батлан хамгаалах бодлогын тулгуур баримт бичгийн нэг болох Зэвсэгт хүчний талаарх багц хуулийг баталсан. Энэ удаад Орон нутгийн хамгаалалтын тухай анхдагч хуулийн төсөл, Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд батлагдсанаар батлан хамгаалах төрийн бодлогын тулгуур баримт бичгүүд бүрэн утгаараа хэрэгжих бололцоо бүрдэх юм гэдгийг тодотгоод хуулийн төслийн үзэл баримтлал дэмжигдвэл хэлэлцүүлгийн дараагийн шатанд төслийг улам нухацтай авч үзэж гишүүдийн саналыг тусган чамбайруулах боломжтой гэж үзэж буйгаа илэрхийллээ. Мөн Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр: Орон нутгийн хамгаалалт нь батлан хамгаалах бодлогын тулгуур ойлголтын нэг. Тиймээс энэ хуулийн төслийн гол амин сүнс нь тайван цагт учирч болзошгүй цэргийн түрэмгийлэл, болзошгүй бусад аюулаас хамгаалахад төрийн байгууллагууд, томилгоот бүрэлдэхүүн, иргэдийг бэлтгэхэд чиглэж байгаа. Манайх шиг өргөн уудам газар нутагтай, хүн ам цөөнтэй, алс зайдуу сийрэг амьдардаг улсын тухайд батлан хамгаалах бодлогыг бүх нийтийн хүчин чармайлт, оролцоонд түшиглэж тулгуурлах нь чухал гэж үзэж байгаа гэдгийг хэллээ.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ж.Энхбаяр, Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон 15 гишүүний 12 нв буюу 80 хувь нь хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив.

Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөнм эдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хуулийн төслийн үзэл баримтлалын талаарх төсөл санаачлагчийн илтгэлийг танилцуулав.

Дайчилгааны тухай хуулийг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг шаардлагатай үед дайны байдалд шилжүүлэх, цэргийн дайчилгааны бэлэн байдлыг хангах, дайчилгаа явуулах үндэслэл, журам, энэ талаарх төрийн байгууллагын бүрэн эрх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хүлээх үүргийг тогтоож, дайчилгаа явуулахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилтын хүрээнд анх 1998 онд баталжээ. Түүнээс хойших хугацаанд уг хуульд  таван удаа хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 3-т “Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь нийтийн эмх замбараагүй байдал үүсч, зэвсэгт мөргөлдөөнд хүрсэн, тийм мөргөлдөөн гарах бодит аюул бий болсон, бусад улсаас цэргийн хүчээр түрэмгийлэн халдсан, эсхүл тийнхүү халдах нь бодитой болсон үед дайны байдал зарлаж болно” гэж заасан нь дайчилгаатай холбоотой суурь зохицуулалт юм. Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын 2015 оны 85 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичигт “Монгол Улс нэгдсэн удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгааны тогтолцоог эдийн засгийн төлөв байдал, зэвсэгт хүчний гүйцэтгэх үүрэгт нийцүүлэн бүрдүүлнэ”, Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д Дайчилгааны тухай хуулийг Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг, Монгол Улсын батлан хамгаалах хууль тогтоомжид нийцүүлэхээр заасны дагуу уг хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд улсын болон цэргийн дайчилгааны зохицуулалтыг боловсронгуй болгох үүднээс нэр томьёог тодорхойлж оруулж өгсөнөөс гадна дайчилгааны үндсэн арга хэмжээг дайчилгааны бэлтгэлийг хангах болон дайчилгаа явуулах үеүдээр тодорхойлж, түүнийг эрх бүхий байгууллагуудын эрх, үүрэгт тодорхой зааж өгсөн. Мөн одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Дайчилгааны тухай хуулийн бүтэц, хуулийн хамрах хүрээг хэвээр хадгалж, улс орны эдийн засаг, нийгмийг дайны байдалд шилжүүлэх үеийн энэ хуулиар зохицуулах нийгмийн харилцаанд хамаарах асуудпыг бүрэн тусгаж, хуулийн нэр томьёог тодотгох, улсын дайчилгаатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг тодорхойлох, Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичигт заасан зорилтуудыг хангах зорилгоор холбогдох зохицуулалтыг нарийвчлан тусгасан гэдгээ төсөл санаачлагч танилцууллаа.

Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар улс орны эдийн засаг, нийгмийг дайны байдалд шилжүүлэх үед хэрэгжүүлэх арга хэмжээ илүү боловсронгуй болж, дайчилгааны талаарх субъектүүдийн чиг үүрэг, үйл ажиллагааны уялдаа холбоо, бүрэн эрхийг нарийвчлан тодорхойлж, дайчилгаанд оролцогчдын эрх зүйн байдлын баталгааг хангахаас гадна хуулийн давхардал, хийдэл, зөрчил арилж, бусад хууль тогтоомжтой нийцнэ гэж төсөл санаачлагч үззж байгаа аж. Уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар эдийн засагт нэмэлт зардал гарахгүй юм байна.

Хуулийн төсөлтэй уялдуулан Монгол Улсын батлан хамгаалах тухай, Цэргийн албаны тухай, Дайны байдлын тухай, Зөрчлийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай, Цэргийн алба хаагчийн эд хөрөнгийн хариуцлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийг боловсруулжээ.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт гараагүй бөгөөд харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Б.Бат-Эрдэнэ нар үг хэлж төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл, Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэгтэй ажлын нэг хэсгийг Байнгын хорооноос байгуулж ажиллуулах саналтай байгаагаа хэлсэн юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 86.7 хувь нь Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ.

ЦАХИМ БОДЛОГЫН ТҮР ХОРООГ 26 ГИШҮҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ БАЙГУУЛАХААР ТОГТОВ

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр нарын санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн “Цахим бодлогын түр хороо” байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ.

Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асууж тодруулан Түр хорооны үндсэн чиг үүрэг, бүрэлдэхүүний тооны талаар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол Цахим бодлогын Түр хорооны бүрэлдэхүүнд орж ажиллахаар хүсэлтээ илэрхийлсэн бүх гишүүнийг Түр хорооны бүрэлдэхүүнд оруулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон 15 гишүүний 13 нь буюу 86.7 хувь нь дэмжсэн юм.

Иймээс гишүүний гаргасан горимын саналын дагуу Улсын Их Хурлын бүтцэд шинээр байгуулагдах Цахим бодлогын Түр хорооны бүрэлдэхүүнд уг тогтоолын төслийг санаачилсан Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар, З.Нарантуяа, Л.Оюун-Эрдэнэ, Н.Учрал, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан, Ж.Энхбаяр нараас гадна тус Түр хороонд орж ажиллах хүсэлт гаргасан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Мөнхбат, С.Бямбацогт, Б.Ундармаа, Б.Пүрэвдорж, Ж.Батзандан, Л.Болд, Д.Оюунхорол, Л.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, М.Оюунчимэг, О.Содбилэг, Л.Мөнхбаатар, Н.Оюундарь, А.Ундраа, Ц.Мөнх-Оргил, Б.Жавхлан, Б.Баттөмөр, Л.Элдэв-Очир гэсэн нийт 26 гишүүнийг оруулахаар тогтлоо.

Мөн “Цахим бодлогын Тзр хороо байгуулах” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Л.Болд нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.