"Харанга" хамтлаг: Бие биенээ хайрлаж хүндэлсэн хайрын хүчээр 30 жил болж байна
5 сарын 23, 2018

“Алдрын од” одонт “Харанга” хамтлаг ирэх 2019 онд болох 30 жилийн ойгоо угтан “Хайрла...” тоглолтоо ирэх сарын 08, 09-нд UB паласын концертын их танхимд хийх болсон талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.
Тус хамтлаг 1989 онд “Амьдрал” тоглолтоо хүргэснээс хойш бүрэн хэмжээний 20 гаруй тоглолтоор үзэгч сонсогчиддоо бэлэг барьсан. Бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглолт хийлгүй 10 гаруй жил болсон тэдний энэ удаагийн уран бүтээлд үе үеийн шилдэг дуугаа эгшиглүүлэх аж.

УГЗ Ц.Чулуунбат хэлэхдээ, “Бидний одоо амьдарч буй нийгэмд сайн зүйл олон хэдий ч бухимдаж уурласан, заримдаа аливаад маш догшин хандаж байгаа нь хэн бүхний нүдний өмнө харагдаж сэтгэл эмзэглүүлсэн асуудал болоод байгааг бүгд мэдэж байгаа. Хүмүүсийн хоорондын харилцаа, байгаль эх дэлхийдээ хандаж байгаа хандлагаас харахад "хайрла..." гэдэг үгийг бүрэн мартсан мэт. Тиймээс манай хамтлаг нийгэмд хандаж агуу их яруу найрагч О.Дашбалбарын зохиосон "Амьддаа бие биеэ хайрла хүмүүс ээ" хэмээх бидний мэддэг мөртлөө мэддэггүй, магадгүй мэдэхийг ч хүсдэггүй энэ үгийн утгыг тоглолтоороо хүргэхийг зорьсон" гэв.
 
Хамтлагийн ахлагч, МУГЖ Ц.Энхманлай хэлэхдээ, “30 жил хамт байна гэдэг үгээр илэрхийлэхийн аргагүй. Бид бие биенээ хайрлаж, ядарвал тусалж, задарвал дарж нэгнийхээ алдааг нөхөж явсаар өдий хүрсэн. Бие биенээ хайрлаж хүндэлсэн хайрын хүчээр 30 жил болж байна” гэдгийг тодотгов.

Тоглолтын тасалбар нь 35, 50 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд www.ticket.mn сайтаар худалдаалж байна. 
Энэхүү тоглолтоороо Харангынхан хамтлагийнхаа 30 жилийн ойг угтсан цуврал үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа бөгөөд ойн хүрээнд 21 аймаг, Европ, АНУ-д аялан тоглолт зэрэг нийт 6 тоглолт хийхээр төлөвлөөд буйгаа хэллээ.