Б.ЭРДЭНЭБАТ: ЗАСГИЙН ГАЗАР БАЙШИН БАРИУЛАХ ЗАХИАЛГА ӨГНӨ ГЭЖ ТОГТООЛООР БАТАЛГААЖУУЛЧИХААД НАМАЙГ ХУУРНА ГЭЖ ЯАЖ САНАХ ВЭ ДЭЭ
2 сарын 10, 2022

“Эрэл” группийн ерөнхийлөгч Б.Эрдэнэбаттай ярилцлаа.


-Хөгжлийн банкнаас эхэлж зарласан 20 гаруй аж ахуйн нэгжийн чанаргүй зээлийн жагсаалтад “Эрэл” группийн 2013 оны 65.5 тэрбум, 2014 оны 39.4 тэрбум төгрөгийн зээлийн мэдээлэл багтсан. Байшин үйлдвэрлэлийн комбинат барих төсөл яагаад өнөөдөр чанаргүй зээлийн ангилалд багтчихав?

-Би энэ асуудлыг олон жилийн турш хүлээцтэй ажиглаж байгаа. Сүүлдээ дэндээд, байж болохгүй гүжир гүтгэлгийг зохион байгуулалттайгаар, дээрээсээ төр засгаасаа тарааж байгаад маш их харамсаж байна. Энэ асуудал дээр гарцаагүй нотлох баримтаа харуулаад он цагийн дарааллаар хэлэх нь зүйтэй.

Анх би 1994 онд Байшин үйлдвэрлэх комбинатыг дуудлага худалдаагаар 570 сая төгрөгөөр худалдаж авч байлаа. Анх оросын технологитой үйлдвэр 60-аад онд 120 мянгат, 220 мянгат, Сансар, төмөр замын таван давхар саарал байруудыг барьсан, 1980-аад онд технологио шинэчлээд гурав, дөрөвдүгээр хороолол, 13, 14, 15 дугаар хороолол гээд Улаанбаатар хотын барилгын 80 хувийг тэр чигээр нь барьсан үйлдвэр. Энэ бол ганцхан орон сууц барьдаг биш, хот тосгон барих зориулалттай, хүчин чадалтай. тийм ч учраас олон сургууль, цэцэрлэг, улсын томоохон эмнэлгүүдийг барьсан шүү дээ. Хамгийн сүүлд Сүхбаатарын талбайн зүүн талын Соёлын төв өргөөг барьж дуусгаад, орос ах нар нутаг буцсан даа. түүнээс хойш үйлдвэр тоногдож, сэг шахуу болсон байхад дуудлага худалдаагаар авсан нь тэр.

Тэр үед их л сайхан өрнүүн сэтгэлээр Монгол Улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулах ёстой. том бүтээн байгуулалт хийе, монгол хүн болж төрснийхөө төлөө ард түмнийхээ халуун бүлээн гал голомт бадрах гэр орныг нь барьж өгье, тэгж л өөрийгөө мөнхөлнө гэж бодож явсан.

Түүнээс хойш үйлдвэрийн технологийг өөрчилж шинэчлээд, засч янзлаад жилд 200-500 айлын орон сууц барьдаг байв. гэтэл 2013 оны дөрөвдүгээр сард манайд Хотын захиргаанаас гэнэт л урилга ирсэн.


Биднийг урьсан гол шалтгаан нь тэр үед Улаанбаатар хотын гэр хороолол 184.000 өрхтэй байсан. Гэр хорооллын ус, агаар, хөрсний бохирдлыг бууруулъя. Танайх өнгөрсөн зууны Улаанбаатар хотыг тэр чигт нь барьсан түүхт үйлдвэр. Тиймээс та үйлдвэрийнхээ технологийг өөрчил, орчин үеийн технологид шилжүүл. Бид олон улсаас босгосон бондоосоо хүүгүй шахуу, хугацаагүй зээл өгье гэсэн. 2013 оны Хөгжлийн банкны танилцуулга нь энэ байна.

-Хөгжлийн банк байгуулагдчихсан, Чингис бондыг босгочихсон үе байх нь?

-Тийм. Тэрхүү уулзалтын үеэр Улаанбаатар хотын 184.000 өрхийг дүүрэг дүүргээр нь гаргачихсан, түүнийгээ яаж барилгажуулах тухай төлөвлөсөн сэтгүүл хүртэл бэлдсэн байсан.

Бусад хөгжиж байгаа орнуудад яг ийм зориулалтын банк байгуулаад Засгийн газрын бөгөөд УИХ-ын стратегийн ач холбогдолтой тэргүүлэх чиглэлийн төслүүдийг санхүүжүүлдэг. Түүний адил цаг үеэ олсон арга хэмжээ гэж харсан. Түүнээс гадна тухайн үед Парисийн хэлэлцээрээр Монгол Улс 195 орон дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөр хүлээсэн үүргээ биелүүлэх нэг зорилго ч биелэх ажил тэр байсан байх. Монгол хүн чинь Үндсэн хуулиараа эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Тийм учраас Засгийн газрын бодлого агаарын бохирдол, хөрсний бохирдол байхын аргагүй боллоо. Гүний цооног худгууд бүгд бохирдлоо. Ийм асуудлууд хурцаар тавигдаж байгаа үед Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр хэрэгжүүлэхээр УИХ-ын 36 дугаар тогтоол хүртэл гаргасан байдаг.


Ингээд бид тэр уулзалт, танилцуулга, хүсэлтийнх нь дагуу төслөө Барилга хот, байгуулалтын яаманд 2013 оны тавдугаар сарын эхээр өгсөн байдаг. Тухайн үед ҮАБЗ, УИХ-ын байнгын хороо дэмжээд Бондын зөвлөлөөр орж байж шалгарсан төсөл санхүүжих хуультай байсан.

-Таныг зээл авахдаа төр засаг, Хөгжлийн банкинд нөлөөлсөн гэж нэлээд бичсэн. Харин таны яриагаар бол Засаг өөрөө санал тавьжээ?

-Тэгсэн. Өөрсдөө надад санал тавьж, урилга ирүүлсэн. Би урилгыг нь он, сар, өдөртэй нь ярилаа шүү дээ. Баримттай ярьж байна. Өнөөдөр Хөгжлийн банкны зориулалтаар, Засгийн газрын хөтөлбөрийн дагуу агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллыг барилгажуулах төслийг авсан нь гарцаагүй манайх тэргүүн ээлжинд мөн гэж хэлнэ. Манайх шиг ийм өөр төсөл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ бид өнөөдөр танил талаараа биш, явах бүх журам, шат дамжлагаар нь явсан. Жишээ нь, Бондын зөвлөлөөр орсон төсөл манайхаас өөр байхгүй болов уу. Үүнийг шалгаж үзэх хэрэгтэй.

Түүний дараа Засгийн газар, УИХ-ын 2010 оны 36 дугаар тогтоол, Засгийн газрын 2012 оны 171 дүгээр гаргаж, Засгийн гаүзрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт үндэслэж 180 дугаар тогтоолыг гаргасан. Тэр бол 2013 оны тавдугаар сарын 18-ны өдөр. Ерөөсөө гэр хорооллын яндан жорлон хоёрыг авч хаяад оронд нь төгс шийдлээр барилгажуулъя. Ингэж байж ард түмнээ Үндсэн хуулийн дагуу эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжтой юм байна гэж төр засаг шийдсэн. Зөв л дөө.

Энэ тогтоол гарснаар манайх Чингис бондоос 14 сая ам.доллар л авсан. Гэтэл хүмүүс бол намайг өчнөөн удаагийн зээлээр бондоос мөнгө аваад байхгүй болчихсон гэж яриад байна.

-Ийм мэдээлэл ганц өнөөдөр биш, нэлээд эртнээс эхэлсэн л дээ. Гол нь зээл төлөгдөөгүй байдал л энэ хардлага, мэдээллийг улам лавшлуураад байна уу даа?

-УИХ, Засгийн газрын тогтоолын дараа удалгүй ҮАБЗ-ийн 28/20/ гэсэн зөвлөмж гарсан байдаг юм. Тухайн үеийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хоёр нийлээд бондын мөнгийг баруун зүүнгүй цацаж дууслаа гэсэн байдлаар ҮАБЗ хуралдаж, ерөөсөө УИХ-аар төсөл арга хэмжээг баталж байя гэж шийдсэн. Нэг аюултай зүйл нь энэ үеэр яаж шийдэгдсэн бэ гэхээр төсөл арга хэмжээг санхүүжүүлэхдээ бондоос гуравны нэгийг л олгоё гэсэн шийдвэр. Энэ бол бондоос зээл авсан хүмүүст хамгийн аюултай, хямрал дампуурлын цохилт болсон.

-Компаниуд төсөлдөө бүрэн санхүүжилт авна гээд төлөвлөчихсөн байсан байх?

-Бүгд тэгсэн. 200, 300 сая ам.долларын санхүүжилттэй төслийг санхүүжүүлэх банк Монголд ерөөс байхгүй. 50 сая ам.доллар санхүүжүүлэх нь ч олдохгүй. Тусгай зориулалтын банк гэдэг улс орныхоо тэргүүлэх чиглэл экспорт, импортыг орлох, тэр нь нийгэм нийтийг хамарсан тийм арга хэмжээ ач холбогдолтой төслөө санхүүжүүлдэг. Олон улсад янз бүрээр нэрлэж байна. Манайх бол Хөгжлийн банк гэж нэрлэсэн.

Ингээд ҮАБЗ-өөр ийм шийдвэр гарчихлаа. Хэрэв санхүүжилтийн 3/2-ыг өөрсдөө гаргана гэвэл тухайн үед Монгол Улсын зээлжих зэрэглэл уначихсан, эдийн засаг хямралд орчихсон байсан үе. 2008 оны АНУ-д эхэлсэн үл хөдлөх хөрөнгийн санхүүгийн хямрал тэр чигтээ үргэлжилж байсан. Одоо ч дуусаагүй. Тийм байхад харалган зөвлөмж гаргасан шүү дээ. Тэгэнгүүт л Хөгжлийн банкнаас зээл авах гэсэн, материалаа бэлдсэн бүх улсууд том цохилтод орсон. Түүнээс болж цөөнгүй компани дампуурсан болов уу гэж бодож байна. 3/2-ыг өөрөө олно гэвэл улс нь өөрөө зээлжих зэрэглэл нь уначихсан байхад улс дотор нь байгаа жижиг компанид олон улс яаж зээлэх вэ дээ.


-Та санхүүжилтээ яасан юм бэ?

-Нэгэнт манайх төслөө эхэлчихсэн байсан учраас 3/2-ыг олохоос өөр аргагүй болсон. Нийтдээ манай төслийн санхүүжилт 69 сая ам.доллар байсан. Үүнээс 23-ыг Хөгжлийн банк, 23-ыг би өөрөө, 23-ыг би олон улсаас босгох болсон гэсэн үг шүү дээ. Тэгээд л төслөө, Засгийн газар, УИХ-ынхаа тогтоолыг бариад яваагүй газар байхгүй.

Хамгийн гол нь би үйлдвэрээ дэлхийд хамгийн тэргүүний технологиор шинэчлэх юмсан гэсэн бодол тээж байсан. Учир нь би өмнө нь үнийн хямдыг бодоод Орос, Хятад, Солонгосын тоног төхөөрөмжөөр шинэчилж байсан. Гэвч нэг, хоёр жил ажиллаад л хэрэггүй болчихдог. Нөгөө компанитайгаа гэрээ хийсэн, баталгаа ямар ч нэмэргүй. Жижигхэн манайх шиг орон олон улсын арбитр дээр очоод маргалдаад ялахгүй. Тиймээс авах юм бол Европоос бол Герман, Азиас бол Японоос авъя гэж манай инженер техникийн ажилчид, шинжлэх ухаан техникийн зөвлөл шийдээд байсан юм.

Яах вэ, Скандинавын орнууд байшин үйлдвэрлэлийн комбинатыг хэсэгчилж хийдэг. Манайх шиг иж бүрэн хийдэггүй. Харин манай авсан үйлдвэр бол дэлхийд ганц. Ерөөсөө Герман улс л ийм үйлдвэрийг иж бүрэн, барилгын нэг ширхэг ч хийцийг дутуу үлдээхгүйгээр хийдэг. Ингээд бид судлаад Германы Эбау компани дээр очиж уулзав. Манайх Оросын технологитой, хот тосгон барьдаг үйлдвэртэй болохоор биднийг илүү итгэл үнэмшилтэй хүлээж авсан л даа.

Дээр нь Герман бол өвөлд хасах 20 хэм, газар хөдлөлтийн балл байхгүй. Тэгэхээр шууд тоног төхөөрөмжийг нь оруулаад ирэхээр манайд таарахгүй. Манайх газар хөдлөлтийн балл өндөр. Хасах 50 хүрнэ. Манай инженер техникийн ажилчид, зургийн группийнхэн яг Монголын цаг уурын онцлогт тохирсон, газар хөдлөлтийн өндөр балл, хасах 50 хэмд, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан алдагдал багатай төлөвлөж чадсан. Нэг үгээр ашиглалтын зардал багатай гэсэн үг. Ийм зураг төслийг манайх боловсруулж эхэлсэн. Мэдээж үүнийг монгол хүн л хийнэ.

-Германы Комерци банкнаас зээл татсан байдаг бил үү?

-Эхлээд бид үйлдвэрийнхээ хийц эдлэлийг Герман руу захиалсан. Нөгөө үйлдвэр маань дуртай хүлээж авсан. Мэдээж харанхуй очоогүй, түүхийг нь судалсан. Газар хөдлөлтийн хамгийн өндөр баллтай орнуудад технологийг нь худалдаж авсан байдаг.

Ингээд үйлдвэрийг нь дагуулж Германы Комерци банкнаас зээл хүссэн. Герман орны нэг сайхан нь экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжээ хөнгөлөлттэй зээлээр дэмждэг. Тийм учраас банкинд хандахаас гадна үйлдвэртээ ч энэ тухай хандсан юм. Нэгэнт танайхаас бид худалдаа хийж байгаа болохоор банкиндаа хандаж өгөөч гэж хүссэн. Тэгж хандсанаар Комерци банкнаас 13.1 сая еврог зээлэхээр болсон. Тэр бол 2014 онд. Үлдсэн 9 сая ам.долларыг Олон улсын хөрөнгө оруулалтын банкнаас авсан. Тус банктай манай компани олон жилийн харилцаатай. Гурван удаагийн зээл аваад бүгдийг нь хугацаандаа төлсөн, хамгийн найдвартай харилцагч нь. Бараг өөрсдөө санал тавьдаг. Тэд нарт бас би УИХ, Засгийн газрын тогтоолуудыг үзүүлээд зээл хүссэн, дуртай шийдсэн.

Ингээд олон улсаас санхүүжилтийнхээ 3/2-ыг босгосныхоо дараа Хөгжлийн банкнаас зээлээ авах гэтэл татгалзаж эхэлдэг байгаа.

-Яагаад?

-Та гаднаас босгож байгаа зээлээ манайхаар дамжуулахгүйгээр өөр банкаар дамжуулах юм бол зөвшөөрөхгүй. Учир нь Хөгжлийн банк байгуулагдаад удаагүй болохоор гадны банкууд танихгүй. Гаднаас хөрөнгө босгоход хэцүү. Гэтэл нөгөө хоёр банк маань Монголын Голомт, Худалдаа хөгжлийн банк хоёрыг санал болгосон. Энэ хоёроор дамжуулна гээд болдоггүй. Түүнийгээ би Хөгжлийн банкинд хэлтэл хариуд нь зээл олгож чадахгүй, нэг төсөл дээр олон банкны зээл дээр бид хяналт тавьж чадахгүй гэж шалтагласан. Аргагүйн эрхэнд Засгийн газарт хандсан. Энэ хооронд маш их хугацаа алдсан. Эцэст нь 2014 онд Засгийн газар 113 дугаар тогтоол гаргаж, тэр тогтоолыг үндэслээд Комерци банкнаас авсан зээлээ Хөгжлийн банкаар дамжуулж авсан. Би түүнийг авахдаа 1.5 хувийн хүүтэй авсан. Хөгжлийн банк надад өгөхдөө 5.5 хувийн хүүтэй болгож өгсөн. Гэтэл бондын зээлээ 14 сая ам.доллараар өгсөн.

-23 сая ам.долларыг бондоос гаргана гээгүй бил үү?

-Есөн сая ам.доллар дутуу байсан. Үлдэгдлийг 2016 оны тавдугаар сарын 9-нд өгөхөөр Засгийн газрын тогтоол гарсан ч удаагүй УИХ-ын сонгууль болж, Засаг нэг намаас өөр нам руу шилжсэн. Тэр үед Хөгжлийн банк хүнд байдалд орчихсон байсан үе. Тэгэнгүүт шинэ Засгийн газар гарч ирээд улсын төсвийн хөрөнгөөр барьцаалж авсан нэг их наяд төгрөгийн зээлийг хааж байж, Хөгжлийн банк хөл дээрээ босч ирсэн юм шүү. Тэр нэг их наядын хөрөнгөөр хийгдсэн ажлууд гэвэл 21 аймгийн зам, Улаанбаатар хотын 33 уулзвар зэрэг шүү дээ.

Хөгжлийн банк надад дутуу санхүүжүүлсэн 6.3 сая ам.доллараа өгч чадахаа больсон. Бид таньдаг найз нөхөд, гадна дотны хамтрагч гээд боломжтой гэсэн бүхий л хүмүүстээ хандаж, үлдсэн хөрөнгийг олоод үйлдвэрээ барьж 2017 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр ашиглалтад оруулж байлаа. Үйлдвэрийн нээлтэн дээр төр засгийн удирдлагууд бүгд ирж байсан түүхтэй.


-Үйлдвэр ашиглалтад орж байсныг санаж байна. Монголчууд бүгд л харсан. Харин өнөөдөр ажиллахгүй байгаа, зээл төлөгдөхгүй байгаа шалтгаан олон нийтийн анхаарлын төвд байна?

-Засгийн газрын 180 дугаар тогтоол 2013 оны тавдугаар сарын 18-нд гарсны дараа би Хөгжлийн банкинд хандсан. Учир нь манайх өдөр шөнөгүй, 24 цагт ажиллах үйлдвэр. Жилийн 365 хоног амралтгүй ажиллана. Тэгэхээр захиалга хэн өгөх вэ, худалдан авалтыг хэн хийх вэ гэхэд Засгийн газрыг төлөөлөөд Барилга хот байгуулалтын яам албан тоотоор баталгаа гаргаж өгсөн байдаг.

Тэрхүү баталгаан дээр Байшин үйлдвэрлэх комбинат бол агаар, хөрсний бохирдлыг бууруулж Улаанбаатар хотын 184.000 өрхийг барилгажуулах онцгой чухал түүхэн үүрэгтэй, Засгийн газрын зөвшөөрөлтэй төсөл. Бид энэ үйлдвэрт жил бүр 150.000 м2 соёл олон нийтийн барилга, байгууламж буюу сургууль, цэцэрлэг, үйлчилгээний төв, нийтийн орон сууц, 5000 айлын амины орон сууцыг жил бүр захиалж тухайн үеийн зах зээлийн ханшаар худалдаж авна гэж тодорхой дурдсан юм шүү.

Нэг үгээр хэлэхэд, захиалга худалдан авалтын баталгаатай болсон гэсэн үг. Ийм төсөл Хөгжлийн банкны сая яриад байгаа найдваргүй ангилалд орсон 1.7 их наяд төгрөгийн зээл дотор нэг ч байхгүй. Би баталгаатай хэлнэ.

Эцсийн эцэст Засгийн газар, УИХ, ҮАБЗ-ийн зөвлөмж, тогтоолоор баталгаажчихсан байхад яаж намайг хуурч байна гэж бодох вэ дээ.

-Таны ярьснаар Хөгжлийн банкнаас авсан зээлийн хэмжээ одоо зарлагдаад байгаа зээлийн хэмжээ хоёр зөрөөд байх юм. Хүү алданги орлоо гээд ийм зөрүүтэй байх уу. Үүнийг тайлбарлаж өгөөч?

-Хөгжлийн банкны бондоос авсан 14 сая ам.доллар бол тухайн үеийн ханшаар 18 тэрбум төгрөгтэй тэнцэнэ. Уг нь Засгийн газрын тогтоолоор бол надад 14 сая ам.доллартай тэнцэх төгрөгийн зээл олгох ёстой байсан. Гэтэл банк надад ам.доллараар олгочихсон. Уг нь ханшийн зөрүүнд орох ёсгүй. Тиймээс зээлээ тухайн үеийн ханшаар бодоход ойролцоогоор би 54 тэрбум төгрөгийн үндсэн зээлтэй. 2013 онд бондоос 14 сая ам.доллар, 2014 онд өөрөө гаднаас Германы Комерци банкнаас 13.1 сая евро, 2015 онд Олон улсын хөрөнгө оруулалтын банкнаас есөн сая ам.доллар авсан. Өөрөөр хэлбэл, сүүлийн хоёр зээл нь Хөгжлийн банкаар дамжуулж

авсан болохоос биш бид үүнийг ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу л хөрөнгө оруулалт босгож олсон мөнгө.

Хөгжлийн банк төлсөн. Тийм учраас би Хөгжлийн банкинд бүгдийг нь төлөх нь зөв. Гэтэл өнөөдөр нийт дүн нь 165 тэрбум гэж бичээд байгаа биз дээ. Тухайн үеийн ханш бол ам.доллар 1300 хавьцаа байсан. Өнөөдөр 2800 болчихсон байна гэдэг хоёр дахин өсчихсөн байна. Ханшийн алдагдлыг хуулиараа Монголбанк хариуцах ёстой байдаг. Хөгжлийн банк ингэж хоёр дахин мөнгө угааж болохгүй биз дээ. Ханшийн өсөлт, хүү, алданги тооцоод нэхээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, арилжааны банкнаасаа дор юм болж байна гэж би хэлнэ. Гэтэл анх Хөгжлийн банк тухайн үед надад юу гэж тайлбарлаж байсан гээч?

-Юу гэсэн юм бол?

-Хөгжлийн банк арилжааны банкнаас олон зүйлээр ялгаатай гэж 2013 онд танилцуулж байсан мэдээллийг би одоо хэлмээр байна. Хөгжлийн банкны зорилго бол эдийн засгийн хөгжлийг дэмжинэ, арилжааны банк бизнесийн ашгийг бодно. Бизнесийн боломж нь юу вэ гэхээр эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийн төслүүдийг санхүүжүүлэх үүрэг хүлээсэн. Арилжааны банк бол ашигтай бизнест хөрөнгө оруулахыг эрмэлздэг. Эх үүсвэр нь Хөгжлийн банк олон улсын зах зээлээс татсан бондын эх үүсвэр, концессын гэрээ, хөнгөлөлттэй зээлийн гэрээ, хөгжлийн санхүүгийн байгууллагуудын эх үүсвэр. Арилжааны банкууд гол төлөв харилцах хадгаламжаас эх үүсвэр татдаг. Зээлийн нөхцөл нь Хөгжлийн банк зээлийн хэмжээ их, хүү бага. Арилжааных нь зээлийн хэмжээ хязгаарлагдмал, хүү өндөр.

Гэтэл бондын 14 сая ам.долларын хүүг надад найман хувиар өгсөн. Доллараар найман хувийн хүү гэдэг маш өндөр. Харин олон улсаас 1.5 хувийн хүүтэй зээл олж ирээд Хөгжлийн банк надад өгөхдөө 5.4 хувийн хүүтэй зээлсэн. Дамжуулан зээлдүүлсэн гэдэг утгаараа тэр. Тэгээд дээр нь хугацаа хамаарахгүй гэж байгаа. Жишээ нь, агаар хөрсний бохирдлыг бууруулах, Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлэх үүргийг төр үүрдэг. Үүнийхээ дагуу Улаанбаатар хотын 220.000 айл өрхийг бүгд барилгажиж дуустал энэ төслийн хугацаа үргэлжилнэ гэсэн үг. Арилжааны банк бол богино дунд хугацааны зээл олгоно гэж байгаа. Хөгжлийн банк бол дээр хэлснээр хугацаа хамааралгүй зээл олгоно гэсэн.

-Таны зээл хэдэн жилийн хугацаатай байсан юм бэ?

-Гэрээн дээр найман жилийн хугацаатай гэж заасан. Гэвч гэрээний хугацаа дуусаагүй байхад намайг шүүхэд өгчихсөн. 2013 онд авсан зээл маань 2021 онд дуусах ёстой байсан.

Хөгжлийн банкны ялгааг үргэлжлүүлээд хэлэхэд, барьцаа хөрөнгө тавих шаардлага уян хатан гэж байгаа. Арилжааны банк бол энэ шаардлага хатуу шүү дээ. Би 58 тэрбум төгрөгийн зээл авахын тулд 268 тэрбум төгрөгийн үнэлгээтэй үйлдвэрээ барьцаалсан.

-Хөрөнгө барьцаалсан байх нь ээ?

-Барьцаагүй зээл өгдөг банк гэж хаана ч байхгүй. Манай хэвлэл мэдээлэл, улстөрчид үүнийг онцгой анхаараач. Ингэж ард түмнээ хоёр хуваадаг, байж болохгүй юм ярьж, дэлхийн бүх хүний чихийг сортхийлгэж байна. Хэрэв өнөөдөр Монголын Хөгжлийн банк барьцаагүй зээл өгчихдөг юм бол Монголд хэн зээл өгөх юм бэ. Үүнийг гадныхан сонсож байгаа. Ингэж өөрөө өөрсдийгөө гутаасан, гүтгэсэн, хүмүүсээ хагалсан юм хийж байдаг.

Үүнийг хараад Монгол Улсын Засгийн газарт үнэхээр харамсаж байна. Өөрсдөө анх хамгийн зөв шийдлийг олж зөв банк байгуулсан. Гэтэл Хөгжлийн банкны үе үеийн удирдлагуудыг шалгуулсан, одоо ч бүгдийг нь шалгаж шоронд хийнэ гэж байна. Дээр нь зээл авсан бүх аж ахуйн нэгжээ шалгана, шоронд хийнэ, хөрөнгийг нь хураана гэж байна. Тэгэхээр энэ улсад чинь юу үлдэх юм бэ. Өгсөн зээлүүд нь бүгд УИХ, Засгийн газрын тогтоолтой. Бусад арилжааны банк шиг төслөө өгөөд судалгаагаар авсан зээл биш.

-Зээл яагаад өнөөдрийг хүртэл төлөгдсөнгүй вэ. Б.Эрдэнэбат луу унжаад яваад байна гэсэн мэдээлэл гараад байгаа шүү дээ?

-2013 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд хувийн компани өөр ямар ч орлогогүй. Үйлдвэрийнхээ технологийг иж бүрэн шинэчлээд Засгийн газар, УИХ-ын тогтоол шийдвэр, Засгийн газрын захиалга, баталгаанд итгээд бүтэн найман жил өнгөрлөө.

Надад уул уурхай, бензин шатахуун, худалдаа наймаа зэрэг өөр бизнес байхгүй. Ерөөсөө л эхнээсээ өнөөдрийг хүртэл тууштай, барилгын материалын бизнесээрээ, БҮК-аа ажиллуулж, ажилчдаа гудамжинд гаргачихгүйн тулд л явж ирлээ. Өнөөдөр найман жил ямар ч орлогогүй, өөрсдийнхөө хуримтлуулж бий болгосон бүх хөрөнгөө энэ төсөл рүү хийгээд зүтгэж байгаа бизнесмэн Монголд хэд байна вэ.

Байхгүй. Яахав, ихэнх нь тэнэг, хэрэггүй зүйлийн төлөө улайрч зүтгэсээр ийм байдалд орж байна гэж хэлэх байх. Гэхдээ улс үндэстэндээ өөрсдийн оюун ухаанаараа орчин үеийн сайхан технологийг оруулж ирээд монгол хүнийг хамгийн тав тухтай орон сууцаар хангана гэдэг бол үнэндээ миний бахархал. Одоо ч ингэж бодсон хэвээрээ. Би зөв юм хийж байгаа гэдэгтээ одоо ч итгэлтэй байгаа.

Би зээлээ яг зориулалтынх дагуу ашиглаад, үйлдвэрээ хугацаанд нь ашиглалтад оруулсан. Тэр үед намайг Засгийн газар хуурна гэж бодоогүй л байхгүй юу. Жишээ нь, 2017 онд үйлдвэр ашиглалтад ороход 2018 оноос эхлээд манайд 5000 айлаа больё, ядаж 1000 айлын захиалга, 150.000 м2 соёл олон нийтийн барилга хэрэггүй, 15.000 м2 талбай өгөөд барилгын захиалга өгч болно биз дээ. Өгөөгүй. Би үйлдвэр ашиглалтад орсноос хойш 2018-2021 он хүртэл жил бүр хоёроос гурван удаа бүх Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, гишүүд, Улаанбаатар хотын Засаг дарга, ИТХ-ын 45 төлөөлөгчид хэдэн арван хувиар бүх шийдвэр тогтоол, танилцуулгаа өгдөг байсан.

Дээр нь хамгийн орчин үеийн стандартаар хамгийн чанартай хамгийн хямдхан үнээр гэр хорооллын ард түмнийг хангая. Хэрэв захиалгаа өгч чадахгүй бол өгсөн зээлээ төр хувийн хэвшлийн түншлэл болоод төр хувь эзэмшээд хамтраад гэр хорооллыг барилгажуулъя. Үнийг нь Засгийн газар өөрөө тогтоо гэж хүртэл явсан. Төр хувийн хэвшлийн түншлэлийг төр засаг бүгд л дэмжсэн, яг хэрэгжилт дээрээ байхгүй болчихдог юм.

Өнөөдөр агаар хөрсний бохирдлыг бууруулах утаагүй түлш гэж ямар их хэжмээний мөнгө салхинд хийсгэж байна вэ. Энэ бол шийдэл биш. Ерөөсөө төгс шийдэл нь барилгажуулалт. Утаа гаргаад байгаа яндан, хөрс бохирдуулж байгаа жорлон хоёрыг байхгүй болгоод яг тэр газар дээр нь барилгажуулаад айл өрхийг байранд нь тав тухтай амьдруулах юм.

-Танай үйлдвэрээс гарсан барилгын м2-ын үнэ зах зээлийн ханшнаас хэр хямд гарах тооцоотой вэ?

-Өнөөдрийн ханшнаас доод тал нь 2-2.5 дахин хямд хийж чадна. Ийм болохоор гэр хорооллоос ипотекийн зээлийн баталгааг гаргаад урьдчилгаа төлөөд орох нэг ч айл байхгүй. Харин тэр ипотекийн зээлийг байртай хүмүүст л өгөөд байгаа.

Энэ жил бид Цайз зах дээр Европын сэргээн босголтын банкны төслөөр хэрэгжиж байгаа туршилтын 20 айлын таун хаусыг барьж ашиглалтад орууллаа. Энэ бол Монголын Засгийн газрын хийх ёстой ажил мөн үү гэвэл мөн. Үүнийг хийчихсэн, ийм технологийг оруулаад ирсэн үйлдвэр, үүнийг санхүүжүүлсэн Хөгжлийн банк гээд өөрийнхөө бахархалтай үйл ажиллагаа байгаад байхад тойрч давхиад шүүхэд өгөөд шоронд хийнэ гэж байгаа нь ямар ч эрүүл саруул ухаанаар хүлээж авахад ойлгомжгүй зүйл.

-Засгийн газар амласан ажлаа хийгээгүй гэж та хэлэх гээд байна уу. Жилд 150.000 м2 барилга байгууламж, 5000 амины орон сууц бариулна гэсэн байна?

-Манайх арга ядаад нэг хоногийн ажил ч гэж гололгүй, Улаанбаатар хоттой нийлээд НОСК, Германы хамтын ажиллагааны JIZ-тэй хамтран Тахилтын аманд жижиг цэцэрлэг барьж ашиглалтад оруулсан. Дараа нь Гандангийн хашаан дотор Шашны их сургуулийн багш нарын байрыг барилаа. Тухайн үед Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар ирж танилцаад, Ерөнхийлөгч Эрүүл мэнд, Боловсролын сайд нартаа үүрэг болгож байсан. Яаралтай та нар энэ үйлдвэрт сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгын захиалгаа өг гэж.

-Тэгээд захиалга өгсөн үү?

-Өгөөгүй. Яваад хөөцөлдөөд очихоор сургууль, цэцэрлэг барих газаргүй болчихдог. Гэтэл жил бүрийн төсөв дээр 100, 200-гаараа сургууль цэцэрлэг барина гэчихсэн байдаг биз дээ. Хотын даргатай уулзахаар газар чөлөөлөх мөнгө хэрэгтэй, улсын төсөвт суулгана гээд бүтэхгүй юм ярьдаг. Яахав, хамгийн том дүүрэг дээр тав зургаан цэцэрлэг сургууль баригдана. Тэнд барьж болох байх гээд Хотын дарга худалдан авах ажиллагааны даргадаа шилжүүлсэн. Би яахав, нэг юм хөөцөлдөхөөр салдаггүй хүн. Тэгээд санаа нь зовсон уу яасан үнэнээ хэлж байгаа юм. Манай СХД-т тав зургаан цэцэрлэг барих ёстой. Гэтэл УИХ-ын гишүүдийн мэдлийнх, тэдний компани цүнх баригчид авахгүй бол болохгүй. Тендер зарладаг биз дээ гэхээр Тендер ялгаагүй, тэд нар шалгарна гэж байгаа юм. Тийм системд орчихсон байдаг юм байна. Тэгээд та болж өгвөл энэ гишүүдээс сайн таньдаг гишүүн байвал гуйгаад үз, нэг сургууль цэцэрлэгээ өгч магадгүй гэх жишээтэй.

Бүр болохоо байгаад сүүлд ковидын 1000 ортой эмнэлгийг хамгийн хямдаар барья гэдэг хүсэлтийг Төрийн гурван өндөрлөг, бүх УИХ-ын гишүүн, Хотын дарга, Эрүүл мэндийн сайд өгсөн. Хариу ирсэн. Эрүүл мэндийн сайдтай уулз гэсэн. Эрүүл мэндийн сайдыг олж уулзаж чадаагүй.

Тэгэхээр хүн итгэл алдрах, ойлгохгүй байх, өөрөө өөртэйгөө тэмцэлдээд, өөрөө өөртөө итгэхгүй, тэр байж байгаа үнэн юм худал болж, худал зүйл үнэн болж, түүнийг хоёр чихээрээ сонсоод хэчнээн өдөр хөөцөлдөөд хана мөргөсөн хариу сонсоод суухаар үнэндээ харамсалтай.

Ядаж 5000-аа болиод 1000 айлын амины орон сууц барья гэсэн болоогүй. Бүр болиод 100 айлын барилга өгөөч гэхэд нэг ч айлын захиалга өгөөгүй. Тэгэхээр би яаж зээлээ төлөх юм бэ. Засгийн газар захиалга, борлуулалт хийж зээлээ төлнө биз дээ. Үүнийг би Хөгжлийн банкинд хэдэн арван удаа хандсан. Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ гэгчээр Хөгжлийн банкны удирдлагууд бүгд тийм. Аргагүй юм. Бүгд цүнх баригчид.

Цаанаасаа чиглэл авч байж зээлээ гаргадаг учраас ийм байдалд орлоо шүү дээ. Түүнээс биш төсөл хөтөлбөрөө гаргаад зориулалтын дагуу авчихсан хүмүүс банкийг дампууруулах, өөрсдөө дампуурахыг хэзээ ч бодохгүй. Тийм юм хийх хүн байхгүй. Би 33 жил бизнес хийж байна. Өнөөдөр би хийж бүтээсэн бүх хөрөнгөө Хөгжлийн банкинд барьцаа болгоод өгчихөөд банк дампууруулчихъя гэж зээл авахгүй.

Манай хувьд Засгийн газар захиалгаа 2018 онд өгөөд эхэлсэн бол бид ТЭЗҮ-ээр 3.7-4.5 жилийн дотор бүх зээлээ төлж дуусгах ёстой байсан. Одоо бүтэн дөрвөн жил өнгөрчихөөд байна. Энэ дөрвөн жил би гэр хорооллыг барилгажуулсан бол хэр их ажил хийсэн байх вэ. Хэдэн мянган айлыг хамгийн хямдаар орон сууцтай болгох боломжтой байлаа.

-Энэ хэргээр 2016 онд АТГ-аас шалгаж эхэлсэн. Яаж шийдэгдсэн юм бэ?

-Намайг 2016 оноос АТГ-аас энэ асуудлаар шалгаж эхэлсэн. 2018 оны арванхоёрдугаар 21-нд прокурорын тогтоол гарч, миний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ зээл зориулалтын дагуу зарцуулсан байна, ямар нэгэн авлига албан тушаалын үйлдэлд холбогдолгүй байна гэж үзсэн.

-Засгийн газар үүргээ биелүүлэхгүй байгаа шалтгааныг та юу гэж харж байна?

-Өнөөдөр барилга бол төр барьж, хоёр том намын хамгийн том бизнес болсон нь харагдаж байгаа юм. Яагаад гэвэл ийм үйлдвэрт захиалга өгөх юм бол үнэ нь хямд, чанартай. Бүх хүн захиалга өгнө. Хэн өнөөдөр гурав, дөрөв дахин өндөр үнэтэй, дараа нь эзэн нь олдохгүй компанид захиалга өгөх вэ дээ.

Би сая их цочирсдон. Өнгөрсөн жилийн тавдугаар сарын эхээр надад ял өгөөд суулгачихлаа шүү дээ. Би ийм үйлдвэр барьж шинэчилчихлээ, Монгол Улсын зах зээлийн хөгжлийн гараанд түүчээлж эхэлчихээд, энэ олон сайхан бизнес эрхэлж байгаа хүмүүст урам итгэлийг өгч явсан хүнийг аваачаад хорьчиход би өөртөө ч итгээгүй. Захиалгаар хэрэг яаж тулгадгийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа хэлсэн шүү дээ. Төрийн ордны гурван давхарт өөрөө шүүгчээ томилчихоод хэнд хэдэн жилийн ял өгөх вэ гэдгийг өөрөө хэлээд сууж байдаг байх нь. Яг л тийм зүйл рүү би орсон. Түүнийг би өөрийнхөө биеэр туулаад 132 хоног тусгаарлагдаж байгаад гарч ирлээ. Гэтэл зарим хэвлэлээр энэ нөхөр ял авчихсан, одоо хөрөнгийг нь хураа гээд л шуугьж байна.

-Ариг банкны хэргийг та хэлж байна уу. Одоо тэр хэрэг ямар шатанд явна вэ. Танд анхан шатны шүүхээс долоон жилийн ял авсан санагдаж байна?

-132 хоног суучихаад гараад ирсний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны гуравдугаар сарын 8-нд хэвлэлийн бага хурал хийгээд Ариг банкийг зохион байгуулалтаар эрх бүхий хүмүүс дээрэмдсэн. Үүнд шүүгчид, хууль хяналтын байгууллагынхан оролцсон. Тэд нар авлига хээл хахууль авсан нь нотлох баримтаар тогтоогдож байгаа. Шүүхээр дахиад тэднийг завхруулж, худал шийдвэр гаргахгүй байх гэж итгэж байна гэж мэдэгдсэн.

Одоо хар л даа. Тэр авлига авсан шүүгч прокурор, намайг шоронд хийсэн мөрдөн байцаагч, хэлтсийн дарга, хэрэгт хяналт тавьсан Нийслэлийн ерөнхий прокурор асан Нямдорж гэж увайгүй нөхөр, түүний орлогч Насанбат, Эрдэнээ, Ерөнхийлөгчийн томилсон шүүгчид л миний хэргийг шийдсэн шүү дээ.

Ариг банкны хэрэг бол эрүүгийн хэрэг биш, иргэний хэрэг. Гэрээг үзвэл би гэрээгээ 100 хувь биелүүлсэн, харин гэрээг Ш.Баярсайхан зөрчсөн. Одоо энэ хэрэг АТГ-т шалгагдаж байгаа. Тэр хэргийг шийдсэн бүх хүмүүс авлигын хэрэгт холбогдсон, бүх зүйл тодорхой байгаа.

-Ил болсон чанаргүй зээлийн асуудлаар Хөгжлийн банк шүүхэд хандсан гэж ойлгож байгаа. Танай зээл ч мөн шүүхэд шилжиж байна уу?

-Хугацаа нь болоогүй зээлийг шүүхэд өгсөн. Миний зээлийн хугацаа 2021 онд дуусах ёстой байсан. Гэтэл 2020 онд намайг шүүхэд өгсөн байгаа юм. Намайг шоронд оруулчихаад шүүхэд өгч байдаг. Энэ чинь бүгд зохион байгуулалттай. Намайг оруулчихаад банкийг дээрэмдсэн, дараа нь үйлдвэрийг дээрэмдэх гэж оролдож байна. Ийм байж намайг шүүхэд өгчихөөд шүүх дээр энэ хэргээ Хөгжлийн банк долоо найман удаа хойшлуулсан.

-Та зээлийнхээ төлөлт дээр шийдэл хэлээч?

-Энэ үйлдвэр ажиллаж байж л зээлээ төлнө. Засгийн газар захиалгаа өгөх ёстой. Ингэснээр миний түрүүн хэлснээр 3.7-4.5 жилийн дотор төлж дуусгах боломжтой.

Эх сурвалж "Өдрийн сонин"

Б.Энхзаяа