Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 446 дуудлага бүртгэгдэж, ослын улмаас 11 хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ. Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргүүлсэн осол хамгийн олон бүртгэгдсэн байна. Нийслэлд явган зорчигч мөргөх хэлбэрээр 7 осол бүртгэгдэж, 7 хүн, мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 2 хүн гэмтсэн.
Орон нутагт мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж 1 хүн гэмтсэн бол явган зорчигч мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон байна.
Мөн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 150 зөрчлийг алба хаагчид хяналт, шалгалтаар илрүүлсэн талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт хүүхэд өртсөн гурван осол бүртгэгдэж, гурван хүүхэд гэмтэж бэртсэн байна.
Иймд эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулж, 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байх, жолооч нар архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх,халтиргаа гулгаатай замд хурдыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс 20-30 хувиар бууруулж зорчихыг цагдаагийн байгууллагаас анхааруулав.