Тээврийн цагдаагийн албанаас “Сурагчдын аюулгүй байдалд эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг оролцоо” сэдвээр хэвлэлийн хурал хийлээ. ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Очир "Хүүхдийн осол гэмтэл, нас баралт жилээс жилд нэмэгдэж байна. Энэ нь асран хамгаалагч аав, ээжийн хүүхдэдээ тавьж буй хараа хяналт сул байгаагаас үүдэлтэй. Сүүлийн гурван жилийн хугацаанд зам тээврийн ослын улмаас нийт 166 хүүхэд нас барж, 1817 хүүхэд гэмтэж бэртсэн байна. Тодруулбал 2019 онд 49 хүүхэд, 2020 онд 61, 2021 онд 51 хүүхэд амиа алджээ.
Хүүхэд гэр-сургууль гэсэн маршрутын дагуу хөдөлгөөнд оролцохдоо зам тээврийн осолд өртөж байна. Мөн өөрийн хашаа хороо гаднах байгууламжид тоглож байгаад нас барсан, гэмтсэн тохиолдол цөөнгүй. Учир нь тухайн газар тоглож байгаа хүүхдийг анзаарахгүй машинаараа дайрах, шүргэх тохиолдол гарч байна. Түүнчлэн хөдөө орон нутагт хамгаалах бүс, хамгаалалтын суудал хэрэглэхгүй хүүхдийг буруу тээвэрлэснээс үүдэн хохирогч болж байна. Энэ асуудлуудыг эцэг эх асран хамгаалагчдад мэдүүлэхийн тулд "Зөвийг хэвшүүлье" аяныг зохион байгуулж байна" гэв.
ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Хадбаатар “Сүүлийн гурван жилд байгалийн гамшиг ослоос үүдэн 145 хүүхэд амиа алджээ. 2019 онд 25 хүүхэд нас барсан бол 2020 онд 58 хүүхэд, 2021 онд 62 хүүхэд нас нөгчсөн байна Эдгээр нас барагсдын 50 гаруй хувь нь үер усны ослоор эндсэн. Иймд эцэг эхчүүд үр хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулж, ганцааранг нь орхихгүй байхыг зөвлөж байна" гэлээ.