Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган"-д оролцож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтнийг оршин тогтноход хүчтэй заналхийлж, эрдэмтэн судлаачид, дэлхийн удирдагчид, олон улсын хамтын нийгэмлэг энэ асуудалд анхаарлаа хандуулж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд улс орон бүр өөрсдийн зорилт, хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэхээр хичээн ажиллаж байгаа ч уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө эрчимжсэн хэвээр байна. Мөн хүн төрөлхтөн коронавирус халдварын цар тахалтай нүүр тулж, асар их хэмжээний хохирол амссан бөгөөд байгаль дэлхийтэйгээ харьцах хандлагаа өөрчилж, эх дэлхийнхээ төлөө зоримог шийдвэртэй алхам хийх шаардлагатай байгааг дэлхий нийтэд сануулж байна.
Өнөөдөр дэлхий нийтэд эрүүл мэндийн болон нийгэм эдийн засгийн томоохон сорилт бэрхшээлүүд учирч байгаа хэдий ч байгаль орчноо хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хийж буй тэмцэлд та бид агшин зуурч амсхийх учиргүй юм.
Судалгаанаас үзэхэд сүүлийн 170 жилд дэлхийн гадаргуй дээрх температур 1.09 хувиар нэмэгдэж, дэлхийн хэмжээнд биологийн олон янз байдлын төрөл зүйл устан үгүй болсоор байна. Монгол Улсын хувьд дэлхий нийтийн хүлэмжийн хийн 0.1 хувийг ялгаруулдаг боловч уур амьсгалын өөрчлөлтөд асар их хэмжээгээр өртөж байгаа улс юм. Тухайлбал, Монгол Улсын агаарын дундаж температур сүүлийн 80 жилд 2.25 хувиар өссөн нь дэлхийн дунджаас хоёр дахин их байна. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь цөлжилтөд өртөж, нийт газар нутгийн хагас нь хүчтэй болон нэн хүчтэй цөлжөөд байна. Түүнчлэн сүүлийн 10 жилд цаг уураас шалтгаалсан гамшигт үзэгдлийн тоо 1990 онтой харьцуулахад гурав дахин өссөн гэсэн судалгаа байна. Улс орон бүр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний зорилтоо тодорхойлж, хувь нэмрээ оруулах үүргийг хүн төрөлхтний өмнө хүлээсэн. Энэ хүрээнд дэлхийн 66 улс 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг “0” хувьд хүргэхээ амласан.
Монгол Улсын хувьд 2016 оны үндэсний тодорхойлсон хувь нэмэр баримт бичгийн хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг 2030 гэхэд 22.7 хувиар бууруулах зорилт дэвшүүлсэн. Харин өнгөрсөн оны арванхоёрдугаар сард зохион байгуулагдсан Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх дээд түвшний уулзалтын үеэр манай улс дэвшилтэд технологи, юновацийг нэвтрүүлж, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх замаар дээрх зорилтод түвшинг 27.2 хувь хүртэл ахиулах боломжтойгоо мэдэгдсэн. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтын хүрээнд бидний хувьд нэн тэргүүнд сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэхээр зорьж байна. Цаашлаад зүүн хойд Азийн эрчим хүчний хангамжийг сайжруулах зорилгоор Азийн супер сүлжээ санаачилгыг Монгол Улс дэмжиж нар салхины арвин нөөцөө ашиглан сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээ нэмэгдүүлэхээр бүс нутгийн улс орнуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна.
Мөн хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх ойн хомстол, доройтлыг бууруулах, нөхөн сэргэлтийг дэмжих, усны нөөцийн хомстлоос сэргийлэхэд онцгой анхаарч 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах, хамгаалах үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж эхэлсэн. Амьдралын эх ус, усны эх мод гэж манай ард түмэн ярьдаг. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн зөвхөн монгол төдийгүй Ази, америк тивийг хамарсан байгаль экологи, эрүүл мэнд, эдийн засгийн хор хохирол учруулж буй шороон шуургыг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ хэмээн эрдэмтэн судлаачид тооцож байна. Энэхүү үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлснээр ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, хүнсний хангамжийг сайжруулах тарьц, суулгац, бордоо, хашаа ургамлын хамгааллын бодисын үйлдвэрлэл хог хаягдлын дахин боловсруулалт, усжуулалтын систем, өвөл зуны хүлэмж, зоорь байгуулах зэрэг нийгэм эдийн засгийн олон төрлийн үр өгөөжийг дагуулж авчрах болно. Түүнчлэн ховор, нэн ховор ургамал, ан амьтан биологийн төрөл зүйлийг хамгаалж, өсөн үржүүлж, эко системийн тэнцвэрийг хадгалахад онцгой ач холбогдолтой гэж үзэж байна.
Эдгээр үр дүнд Монгол Улсын тогтвортой хөгжил, үндэсний аюулгүй байдал, улс орны нийгэм эдийн засаг байгаль орчинд онцгой үүрэгтэй бөгөөд бүс нутгийн улс орнуудын байгаль орчин тогтвортой хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх болно. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд төр хувийн хэвшил, баялаг бүтээгчид, дотоод гадаадын хөрөнгө оруулагчид ард иргэд нэгдэн нийлж, хамтран идэвхтэй ажиллаж байгааг та бүхэнд дуулгахад таатай байна.
Түүнчлэн Монгол Улс жил бүр дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ нэгээс доошгүй хувьтай тэнцэх хэмжээний төсөв хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг тэмцэхэд зарцуулж байхаар шийдвэрлэсэн. Монголчууд бид байгаль дэлхийтэйгээ зохицон амьдарч ирсэн нүүдлийн соёл иргэншилтэй ард түмэн. Бидний энэхүү амьдралын хэв маяг онгон дагшин байгалиа хайрлан хамгаалахын зэрэгцээ үр шимийг нь урт удаан хугацаанд хүртэж, хойч үедээ өвлүүлэн үлдээх холч ухааныг дагуулдаг юм. Харин сүүлийн жилүүдэд байгалийн нөөцийн зохисгүй ашиглалт, ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдал нэмэгдэж байгаа тул хог хаягдлын менежментийг сайжруулж, байгальд ээлгүй үрэлгэн хэрэглээнээс татгалзах зайлшгүй шаардлагатай байна. Өнөөдрийн чуулганы гол зорилго нь бүс нутгийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх, тогтолцоог сайжруулахад чиглэгдэж байна. Монгол Улс ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх, тогтолцоог улс сайжруулах шаардлагатай байна" гэлээ.