Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдтэй уулзлаа. Хархорин сум нь 12500 гаруй хүн амтай, зэргэлдээ сумдын иргэдэд мөн эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ үзүүлдэг байна. Орон нутгийн удирдлагуудын танилцуулснаар, хүн амын тоо нь аймгийн хэмжээнд хүрэхээр олон ч одоог хүртэл сумын статусаар явж байгаа нь төрийн үйлчилгээ, бүтээн байгуулалтад оногдох төсөв мөнгөний хүндрэл үүсгэдэг байна.
Мөн Хархорин сум нь жилдээ 40-өөс дээш мянган жуулчин хүлээн авдаг аялал жуулчлалын томоохон бүс нутаг хэдий ч жуулчдад үзүүлэх бүтээн байгуулалт, дэд бүцэц муу байгаа тул аялал жуулчлалын хөгжлийн асуудалд анхаарч өгөхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас хүсч байлаа.
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шант багийн иргэн Н.Одхүү
Монголын залуус залуу насныхаа эрч хүч, оюун ухааныг эх орондоо ашиглаж чадахгүй байна. Залуус нь хил даваад эх оронд минь, энд хэдэн хөгшид л үлдлээ шүү. Би Монголын маань залуус эх орондоо ажил хөдөлмөр эрхэлж байсан бол Монгол Улс ингэтлээ доройтохгүй байсан гэж боддог юм. Үүний хажуугаар хятадууд манай улсад ихээр орж ирэх боллоо. Бид ч гэсэн Хятадаас их хэмжээний зээл авах юм. Энэ аль улсын бодлого юм бол доо.
Нүүдэлчин, зоримог, шийдэмгий ард түмэн үзэл бодлоороо хуваагдаад, намаар ялгараад ирэхээр яагаад ч эвтэй байж болдоггүй юм байна. Тиймээс хуучнаараа Ардын Их Хурлыг бий болгох хэрэгтэй гэсэн саналаа хэлмээр байна. Хэрвээ, Ардын Их Хуралд сум бүрээс төлөөлөл сонгогдож ажиллах юм бол энэ төрд хулгайч, луйварчин хүмүүс орох зай завсар багасах болов уу гэж бодож байна.
Мөн Орхоны хөндийн аялал жуулчлалыг хөгжүүлмээр байгаа юм. Ямар ч бодлогогүйгээр баахан аялал жуулчлалын бааз л бариад, нэмэгдээд байх юм. Даанч энд байгаль харуулж, түүх ярихаас өөр жуулчинд үзүүлэх зүйл алга. Аялал жуулчлалд зориулсан бүтээн байгуулалт хийж, хүнд үзүүлэх үзвэртэй болгох зайлшгүй шаардлагатай гэж бодож байна.
Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэн Д.Дашзэвэг
Хархорин хотын үүх, түүхийг Монгол даяараа мэднэ. Энд эртний нийслэл оршиж, дараа нь олон хаад төрт улсаа захиран сууж байлаа. Мөн Хархорин сум шашны томоохон төв бөгөөд социализмын үед сангийн аж ахуй ид хөгжиж байсан газар юм. Энэ утгаар нь төр засгаас манай хотыг онцгой анхаарах хэрэгтэй. Өмнөх Ерөнхийлөгч нар Хархорин хотыг Монгол Улсын нийслэл болгох асуудлыг ярьж байсан. Мөн Хархорин хотыг аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэх асуудал яригдаж байсан ч сүүлийн жилүүдэд намжлаа. Тиймээс эрхэм Ерөнхийлөгч таниас аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудалд онцгой анхаарч өгөөч гэж хүсмээр байна.
Мөн Шинэ сум төсөл болоод Сум хөгжүүлэх сангийн үр нөлөөгөөр сумдын өнгө зүс сайжирсан. Гэхдээ сүүлийн жилүүдэд төсөв мөнгө нь багасаж, аймгийн удирдлагууд сумдад бага мөнгө олгох болсон. Хүн ам олонтой манай сумын төсвийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Мөн УИХ, Засгийн газраас гарч байгаа тогтоол, шийдвэр нь иргэдээ ялгаварлахгүй байх зарчмыг баримтлахгүй байна. Жишээ нь, төв суурин газарт амьдарч байгаа ахмадууд унааны хөнгөлөлт эдэлдэг. Гэвч, хөдөөд ямар нэг унааны хөнгөлөлт байхгүй. Энэ бол ялгаварлан гадуурхах жишээ. Бас нэг ойрын жишээ хэлэхэд Засгийн газраас “Насны хишиг” гэж олгож эхэлсэн ч насны ялгаатай олгож байгаа. Хамгийн сүүлд гэхэд хүүхдийн мөнгө олгохдоо хүртэл үр хүүхдээ өсгөж байгаа гэдэг ухагдахуунаар биш ядуу, баян гэдэг ухагдахуунаар нь ялгаж өгч байгаад шүүмжлэлтэй хандаж байна.
Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэн Туяацэцэг
Монгол Улсын ялангуяа Хархорин сумын аялал жуулчлалын асуудалд анхаарах шаардлагатай байна. Хэдэн жилийн өмнө Хангайн бүсийн аялал жуулчлалын форум гээд маш том, сүртэй форум болсон юм. Тухайн үед Хархоринг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх маш олон санал гарсан ч одоо хүртэл үр дүн гараагүй. Хархорин хот 13-р зууны дэлхийн түүх, төв байсан газар шүү дээ. Хэрвээ, манай хотын аялал жуулчлалын орлого нэмэгдэх юм бол ард иргэдийн орлого шууд нэмэгдэнэ. Тиймээс шийдвэр гаргагчдад энэ саналыг маань хүргэж өгөх хэрэгтэй байна. Цонжинболдог шиг бүтээн байгуулалтыг ойрын хугацаанд цогцлоох шаардлагатай гэж үзэж байгаа.
Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэн, Орхон голыг хамгаалах хөдөлгөөний тэргүүн Хишигдэлгэр
Сүүлийн жилүүдэд Орхон гол ихээр бохирдож, түүнийг дагаад байгаль, экологид сөрөг үр дагавар үүсч байна. Бид энэ асуудлаар олон жил хөөцөлдсөний эцэст НҮБ Орхон голын хөндийг дэлхийн өв соёлд багтаасан. Харин дотооддоо эрхэм Ерөнхийлөгч та зарлиг гаргаж, Орхон голоо хамгаалах шаардлагатай болов уу. Энэ асуудлаар танд Зарлиг гаргаж өгөхийг хүссэн албан хүсэлтээ хүргүүлж байна. Орхон голыг хамгаалах асуудлаар биднийг дэмжиж ажиллана уу гэж хүсмээр байна.
Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэн
Оффшор данстнуудын хэрэг сүүлийн үед намжиж байна. Хэдийгээр та удаа дараа шаардлага тавьж байгаа ч оффшор дансны мөнгө нь бүгдээрээ орж ирэхгүй юм. Үүний хажуугаар 60 тэрбумын асуудал, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь гээд олон асуудал үүсч байна. Одоо Тавантолгой, Хөшөөт гээд томоохон уурхайн асуудлууд яригдах юм шиг байна. Энэ бүх сэдвүүд дээр иргэд талцаад л маргах болж. Үүнийг би олон намын систем манай улсад таарахгүй байгаатай холбоотой гэж үзэж байгаа. Хаа, хаанаа намчирхаж талцаад болохгүй юм. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтөд иргэдийн санаа бодлыг тусгаж, өөрчлөх хэрэгтэй. Өнгөрсөн жилийнх шиг судалгаа явуулсан болоод Үндсэн хуулийг өөрчилж болохгүй.
Монгол Улсын Ерөхийлөгч Х.Баттулга иргэдийг үг хэлж дууссаны дараа аялал жуулчлалын салбарт баримталж буй бодлогоо түлхүү танилцуулж, бусад асуудалд хариулт өглөө. Мөн иргэдийн хэлсэн санал, санаачилга, шүүмжлэл зэргийг УИХ, Засгийн газарт бодлого болгож хүргүүлэх асуудалд анхаарч ажиллахаа хэлэв.