Өнөөдөр МУИС-ийн 1 дүгээр байранд Мицубиши UFJ сангийн тэтгэлгийг Япон улсын MUFG /Эм Юү Эф Жи/ банкны Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга Кикүчи Какзүёши тус сургуулийн 12 оюутанд гардуулах ёслол боллоо.
Энэхүү сургалтын тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаанд Японы талаас ноён Кикүчи Какзүёши, MUFG банкны Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын менежер М.Мөнхзул, Монголын талаас МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал, доктор Б.Бадмаанямбуу, Оюутан төгсөгчийн хэлтсийн дарга, доктор М.Эрдэнэчимэг, мэргэжилтэн Н.Алтанзул болон 2021-2022 оны хичээлийн жилд тус сангийн тэтгэлгийг авах 12 суралцагчид оролцлоо.
Хоёр улс хоорондын нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааг дэмжих хүрээнд суралцагчдын идэвх санаачилгыг нэмэгдүүлж, хүний нөөцийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой тэтгэлгийг Японы улсын Mitsubishi UFJ сан нь МУИС-тай анх 2014 онд санамж бичгийг байгуулсан юм.
Ийнхүү 2014 оноос эхлэн тасралтгүй тэтгэлэг олгож ирсэн бөгөөд жил бүр МУИС-ийн байгалийн ухаан, инженерчлэлийн хөтөлбөрийн суралцагчдыг дэмжин 6 суралцагч бусад салбарын 10 суралцагчид нийт 16 суралцагчдад тэтгэлэг олгож иржээ. Өнөөдрийн байдлаар тус сангийн тэтгэлэгт байгалийн ухааны 30 суралцагч, бусад салбарын 50 суралцагч нийт 80 суралцагч хамрагдаж 2020 оноос эхлэн бизнесийн сургуулийн хөтөлбөрөөс бусад салбарын 24 суралцагчид олгож эхэлсэн бөгөөд нийт 104 суралцагчид тэтгэлэг хүртээд байна.
Японы улсын Mitsubishi UFJ сангийн энэхүү тэтгэлгийг жил бүрийн 11 дүгээр сард тэтгэлгийг зарлан МУИС анхан шатны сонгон шалгаруулалтыг хийж, эцсийн шатны шалгаруулалтыг Mitsubishi UFJ сан хийж шалгарсан суралцагчдын нэрсийг МУИС-д албан ёсоор ирүүлж тэтгэлгийн санхүүжилт болох 6000 ам.доллар /$/-ыг сургуулийн данс руу шилжүүлэн МУИС-ийн захирлын тушаалаар тэтгэлгийг сиси суралтын төлбөрт олгогдож байна.
Энэхүү тэтгэлгийн шалгуурыг танилцуулбал, ШУС, ХЗС, ХШУИС, ОУХНУС-ийн идэвхтэй суралцаж буй бакалаврын түвшний суралцагчид хамрагдах бөгөөд суралцагчийн голч дүн 3,0 ба түүнээс дээш байх ёстой. Мөн суралцах чадвар, идэвх санаачлагаа илтгэн харуулсан 3,4,5 дугаар түвшний бакалаврын хөтөлбөрийн суралцагч байх юм. Сургалтын төлбөрийн 12 багц цагтай тэнцэх хэмжээний тэтгэлэгт хамрагдсан тохиолдолд тэтгэлгийг давхардуулж олгохгүй юм.
МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн 3 дугаар дамжааны оюутан Баттулгын Пүрэвмаа “Японы улсын Mitsubishi UFJ сангийн энэхүү тэтгэлгийг жил бүр болзлыг зарлаж шалгарсан суралцагчдад олгогддог. Энэ жилийн хувьд салбар бүрээс 3-4 нийт 12 оюутанд олгож байна. Миний мэдэж байгаагаар байгалийн шинжлэх ухаан, бизнес, олон улсын харилцаа, хууль гэсэн салбаруудад суралцагч оюутнуудад тэтгэглгийг гардуулж байгаа. Тэтгэлгийн шалгуурын хувьд нийгэмд хэр оролцоотой байгаа болон нийгэмд хийж буй сайн үйлс, сурлага, хөдөлмөрийн амжилт, англи хэлээр эссэ бичлэг зэргийг харгалзан шалгаруулж хамруулдаг юм байна. Энэхүү өндөр түвшний шалгуурыг давж уг тэтгэлэгт хамрагдсандаа маш баяртай байгаа” гэлээ.