Өвөрхангай аймагт хээрийн түймэр гарч, 12 га талбай шатжээ
3 сарын 31, 2022

Өвөрхангай аймгийн Хархорин суманд хээрийн түймэр гарч, 12 га талбай шатсан байна. 

Тодруулбал, тус сумын Нарийн хүр дөрөвдүгээр баг “Баруун намаг гүвдэй” гэдэг газарт хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг гуравдугаар сарын 30-ны өдрийн 14:50 цагт онцгой байдлын алба хаагчид хүлээн авчээ.

Хархорин сумын Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд 27 км замыг туулан очиж, түймрийг бүрэн унтрааж, багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн байна. 

Иймд

  • Иргэн та бүхэн асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах,
  • Халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх,
  • Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах,
  • Автомашин техникийн бүрэн бүтэн байдлыг хангах,
  • Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх
  • Гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа.