Хууль зүйн, дотоод хэргийн яам Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж байгаа ажээ. Уг хуулийн төслийн гол зохицуулалт нь хорих ангид ял эдэлж байгаа хүн хөдөлмөрлөх, цаашлаад олсон орлогоо хуримтлуулах, хорих ангиуд олсон орлогоороо аж ахуйн тооцоон дээр үйл ажиллагаа явуулах боломжийг нээх юм байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихад бэлэн болсон бөгөөд ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар төлөвлөжээ. Хуулийн төслийн гол агуулга нь хохирол барагдуулах боломжийг нэмэгдүүлэх юм байна. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт холбогдсон хүний хөрөнгийг хурааж, битүүмжлэн үйлдвэрлэл, үйл ажиллагааг нь зогсоодог. Энэ тогтолцоог өөрчилж, хохирол барагдуулах уян хатан механизмыг бий болгох юм байна.