Хуулиар хориглосон хугацаанд загас агнасан тохиолдолд 300 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгоно
4 сарын 1, 2022


Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-ээс зургадугаар сарын 15-н хүртэл загас агнахыг хуулиар хориглодог. Учир нь энэ хугацаа үржлийн үе гэгдэг. Амьтны тухай хуулийн есдүгээр зүйлд агнуурын амьтан агнах, барихыг хориглох хугацааг доорх байдлаар хуульчилжээ.

9.2. Ахуйн болон тусгай зориулалтаар дор дурдсан хугацаанд загас барихыг хориглоно:

      9.2.3. Дархадын цагаан загасыг жил бүрийн 8 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл;

      9.2.4. Буйр нуурын загасыг жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдрөөс 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл;

      9.2.5. Омоль загасыг жил бүрийн 8 дугаар сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл;

      9.2.6. Зарам загасыг жил бүрийн 9 дүгээр сарын 05-ны өдрөөс дараа оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл;

      9.2.7. Алтайн сугас загасыг жил бүрийн 6 дугаар сарын 15-ны өдрөөс 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл;

      9.2.8. Энэ хуулийн 9.2.3-9.2.7-д зааснаас бусад загасыг жил бүрийн 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл.

Хуулиар хориглосон хугацаанд загас агнасан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно. Ингэхдээ зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж иргэнийг 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодаг байна. /Зөрчлийн тухай хуулийн 7.6.4/

Загасыг үржлийн үед нь барьснаар агнуурын загасны тоо, нөөц хомстож устах аюулд хүрдэг байна. Нэг загаснаас гарах түрсний тоо олон мянгаар тоологдох боловч үр тогтсоны дараа, авгалдай, жарамгай, жараахайн шатыг дамжин бие гүйцэх хүртлээ үхэж хорогдсоор байгаль дээр маш бага хувь нь мэнд үлддэг. Иймээс үржлийн үед агнуур хийснээр тухайн жилийн төл авч чадахгүй болох эрсдэлтэй юм.