Ерөнхий сайд өнөөдөр УИХ-ын даргад Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл өргөн барих юм. Улмаар 12:00 цагаас мэдээлэл хийхээр болжээ. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар энэ талаар хэлэлцсэн бөгөөд Сангийн сайд Б.Жавхлан тус хуулийн төслийн агуулгыг дараах найман чиглэлээр танилцуулаад байгаа.
- Хуулийн төслийг УИХ-аар дараалал харгалзахгүй, нэн яаралтай хэлэлцэнэ.
- Мах, гурилын нөөц бүрдүүлэх үүднээс нийлүүлэгч компаниудад хөнгөлөлттэй санхүүжилт олгох ажлыг харилцдаг арилжааны банкуудаар нь дамжуулан олгох, үүсмэл хэрэгсэл ашиглан импортын төлбөрийн гадаад валютын ханшийн эрсдэлийг бууруулах үүргийг Монголбанканд хүлээлгэх
- Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд гадаад зах зээлээс Лондонгийн металын бирж дээрхээс 5 хувийн нэмэгдэл хүүтэй алт худалдан авах
- Мах, гурил, газрын тосны хомстол үүсгэхгүйн тулд тус бүтээгдэхүүнүүдийн импортын гаалийн татварыг 5 хувь хүртэл бууруулах
- Мах, гурил нийлүүлэгч компаниудын зээлийн хүүгийн татаасыг төсөв хооронд гүйлгүүлж, зохицуулалт хийх замаар шийдвэрлэнэ.
- Газрын тосны нийлүүлэлтэд хомстол үүсгэхгүйн тулд тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудтай хариуцлагын гэрээ байгуулах
- Мах, гурил, шатахууны хомстол үүсэхээс сэргийлж, оролцогч талуудын дунд хариуцлагын гэрээ байгуулах
- Гадаад иргэн харьяалалгүй хүн 20 сая төгрөгтэй тэнцэх үнэт метал, валютыг бэлнээр хилээр гаргахыг хориглох.