УИХ-ын дарга Г.Занданшатарын гэр бүлээ авч явсан айлчлал Хятад улсыг хилээ хаахад хүргэсэн үү
4 сарын 12, 2022

 УИХ-ын дарга Г.Занданшатар “Иргэд тансаг хэрэглээгээ хэмнэ” хэмээн олны бухимдлыг төрүүлээд буй. Иргэд “төр хэмнэлтийг өөрсдөөсөө” эхлүүл хэмээн жагсаалын хэмжээнд очлоо. Тэгвэл иргэдийн “хэмнэ” гэж загнадаг дарга эдийн засгийн энэ хүнд үед өөрөө олон хүний бүрэлдэхүүнтэй баг авч явж Энэтхэгт айлчлал хийсэн. Тэр дундаа айлчлалын багт ойр дотны хүмүүсээ авч явсан нь ил болжээ. Түүнчлэн айлчлалын багт багтсан улс төрийн албан тушаалтнууд гэр бүлийнхнээ авч явсан нь шүүмжлэл дагуулж байна.

 Тухайлбал, УИХ-ын дарга Г.Занданшатар Энэтхэгийн төрийн тэргүүнүүдтэй уулзсаныхаа дараа айлчлалын бүрэлдэхүүнд багтсан 23 хүнээ дагуулан Энэтхэгийн Бихар дахь буддын шашны Махабоди сүмд очиж, хагас өдөр саатжээ. Түүнийг сүмд нь морилсонд талархсан Махабоди сүмийнхэн бичлэг хийж, архивлажээ. Тухайн бичлэгээс үзвэл, УИХ-ын дарга Г.Занданшатарын гэргий Г.Отгонгэрэл, УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын эхнэр Ц.Уянга, УИХ-ын дарга Г.Занданшатарын ахлах зөвлөх, УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцангийн эхнэр Д.Оюунцэцэг, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн эхнэр багтсан болох нь баттай харагдаж байна. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатарын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан зөвлөх Б.Эрдэнэбаяр, УИХ-ын Тамгын газрын нэр бүхий албан тушаалтнуудын эхнэрүүд ч хамт явжээ. Төрийн айлчлалын далимаар УИХ-ын эрхэм гишүүдийн эхнэрүүд нь хамт явж, Энэтхэгийн буддын сүм хийдүүдээр орж, мөргөж залбираад иржээ гэсэн үг л дээ.

 УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Г.Дамдинням, Б.Саранчимэг, Ч.Ундрам, С.Чинзориг, Ш.Адьшаа, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, УИХ-ын дарга Г.Занданшатарын ахлах зөвлөх, УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан нарын Энэтхэг Улсад хийсэн албан ёсны айлчлал нь төгсгөлдөө гэр бүлийн найзуудын “аялал” болсон нь энэхүү бичлэгээр ийнхүү батлагдаж байна. Үүнээс гадны түүний айлчлал урд хөрш хилээ хаахад хүргэсэн гэх мэдээлэл байна. Учир нь БНХАУ эртнээс Төвдийг тусгаар улс болохыг хүлээн зөвшөөрдөггүй нь дэлхий нийтийн өмнө илт явсаар ирсэн. Энэ мэтчилэн асуудлын суурийг өөрөө тавьсан УИХ-ын дарга Г.Занданшатар ард түмнийг хэмнэ гэж хэлэх эрхгүй. Харин хэмнэлтийг өөрөөсөө эхлүүл.