Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 379 дуудлага бүртгэгдэж, ослын улмаас 15 хүн гэмтэж, хоёр хүн амиа алджээ.
Мөн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 251 зөрчлийг хяналт, шалгалтаар илрүүлсэн байна.
Бүртгэгдсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
- Явган зорчигчийг автомашин мөргөсөн ослын улмаас гурван хүн гэмтсэн,
- Мөргөлдсөн нийт найман осол бүртгэгдэж, ослын улмаас 10 хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ.
- Мөн орон нутгийн замд автомашин онхолдсон таван ослын улмаас найман хүн гэмтэж, нэг хүний амь хохирсон байна.
Түүнчлэн амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн хоёр осол бүртгэгдсэн байна. Иймд эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтыг сайжруулах 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө. Мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байх, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, хэт их ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, зам орчны байдалд хурдаа тохируулах, өөрийн болон зорчигчийн суудлын бүсийг зүүж, хүүхдийг зориулалтын суудалд суулгаж хэвшихийг анхааруулав.