Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх асуудлаар Боловсрол Шинжлэх ухааны Сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, есөн дүүргийн Засаг дарга нар, Нийслэлийн Боловсролын газар болон бусад холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын эхэнд Боловсрол Шинжлэх ухааны Сайд Л.Энх-Амгалан нийслэл дэх сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүрэлцээ, тулгарч буй бэрхшээл, шийдлийн талаар мэдээлэл өгсөн юм. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадаагүй 37,196 хүүхэд байгаа. Улаанбаатар хотод төрийн өмчийн 258 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн 57 цэцэрлэг нь хэт өндөр ачаалалтай ажилладаг. Иймд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх хэд хэдэн шийдлийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-амгалан танилцуулж байв.
Тухайлбал,
- Цэцэрлэгийн барилгыг шинээр барих, өргөтгөх;
- Цэцэрлэгийн зориулалттай барилга түрээслэх;
- Төрийн бус өмчийн цэцэрлэгийн сул орон тоонд нэмэлт элсэлт авах;
- Байгууллагын цэцэрлэгийг дэмжих;
- Хувийн цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжих;
- Өргөө цэцэрлэг барих ажлыг эрчимжүүлэх;
- Орон сууцны нэг давхрыг цэцэрлэгийн зориулалтаар худалдаж авах;
- Хувийн хэвшил өөрийн газар дээр цэцэрлэг баривал төр худалдаж авах, түрээслэх;
- Хүүхэд харах үйлчилгээг дэмжих;
- Хоёр настай хүүхэд бүрд хувьсах зардал өгөх зэргийг тусгажээ.
Ийнхүү цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд шаардагдах зардлыг Засгийн газар, Нийслэл хамтран гаргах нь зүйтэй бөгөөд эдгээр шийдлийг 2022 оны төсвийн тодотголд тусгахыг Монгол Улсын Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Мөн улсын төсвөөс 100, нийслэлийн төсвөөс мөн 100 тэрбум төгрөг нэмж тодотгон, ирэх есдүгээр сарын 1 гэхэд цэцэрлэгийн хүүхдүүдийг сугалуулалгүйгээр, оршин суугаа хаягийнхаа дагуу цэцэрлэгт хамрагддаг болгох үүргийг Ерөнхий сайд өглөө.