2020 оны олимпийн наадмын үндсэн төрөлд багтаад байгаа сагсан бөмбөгийн 3х3-ын шинэ улирын тоглолтууд ирэх бямба гарагт эхлэхээр боллоо.
Өнгөрсөн улиралд Монголын шигшээ баг Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, их дуулга гранпри тэмцээнүүдэд амжилттай оролцож энэ оны дэлхийн аваргад өрсөлдөх эрхээ аваад байгаа юм.
2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Филиппин улсын Манилаа хотод зургаадугаар сарын сарын 08-12-ны хооронд болох бөгөөд манай шигшээ баг “С” хэсэгт ОХУ, Бразил, Канад, Филиппин улсын шигшээ багуудтай хамт ороод байна.
Үүнээс өмнө “Улаанбаатар Гарудо” баг дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 1-ний өдрүүдэд БНХАУ-д зохиогдох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд хүч үзэх юм. Энэ тэмцээний талаар Монголын шигшээ багийн дасгалжуулагч С.Тулга “3х3-ын төрлийн спорт шинээр олимпийн төрөлд багтсан учраас улс орон бүр өндөр ач холбогдол өгч шигшээ багаа бэлтгэж байгаа. Иймээс энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн илүү ширүүн өрсөлдөөнтэй болно. Өнгөрсөн жилийнхээс илүү чанартай, олон баг оролцох болно байх. Бид аваргаа хамгаалахаар оролцоно” гэж хэлсэн юм.
Харин 3х3-ын сагсан бөмбөгийн мэргэжлийн лигийн тэмцээнүүд энэ амралтын өдрүүдээс БНСУ Сөүл хотноо болох Goyang Дэлхийн гранпри тэмцээнээр эхлэх гэж байна. Манай улсаас олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3х3-ын мэргэжлийн лигийн “Улаанбаатар Гаруда” болон Ховд багууд энэ тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна.
2020 оны олимпийн наадамд эрэгтэй эмэгтэй найман баг өрсөлдөх бөгөөд нэг тивээс хоёр баг оролцох юм. Тив бүрдээ чансаагаар тэргүүлж буй хоёр баг шууд олимпийн наадамд оролцох боломжтой юм. Монголын шигшээ баг өнөөдрийн байдлаар тивдээ чансааны оноогоор тэргүүлж байгаа бөгөөд энэ амжилтаа бататгаж чадвал олимпийн наадамд оролцох боломжтой юм.