Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцанд орвол хорих ял оногдуулна
4 сарын 27, 2022

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээллээ. Тэрбээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ХЗДХ-ийн яамнаас боловсруулсан хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ. 2017.07.01-нээс хойш таван жил үйлчилж байгаа хууль. Хэрэгжилтийн явцад дүн шинжилгээ хийсний үндсэн дээр энэ хуулийн төслийг боловсруулсан.Эл хуулийн төсөлд 14-16 насны хүүхэдтэй бэлгийн харилцаанд орох гэмт хэрэгт торгуулийн ял биш хорих ял оногдуулахаар хуулийн өөрчлөлт орлоо. Цаашид өршөөл үзүүлэхгүй зүйл заалтуудыг тусгайлан бичиж өгсөн. Бэлгийн эрх чөлөөний эсрэг, авлигын, хүн төрөлхтний эсрэг, хүрээлэн байгаа орчны эсрэг зарим гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй. Түүнчлэн 300 мянгаас доош хохиролтой хулгайг Зөрчлийн хэрэг гэж үздэг байсан бол энэ өөрчлөлтөөр хулгай л бол хулгай гэж үзэж, хохирлын хэмжээг хамаарахгүйгээр Эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байхар заалт орууллаа" гэв.