Ардчилсан намаас мэдээлэл хийж, УИХ-аас хэлэлцэгдэж буй 2022 оны Улсын төсвийн тодотголын талаар АН-ын дэд дарга Ч.Отгочулуу намын байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Засгийн газар ковид болон Орос Украины мөргөлдөөний улмаас эдийн засагт хүндрэл үүсэж, төсвийн тодотгол хийх шаардлага үүссэн гэж байгаа боловч яг үнэндээ чухам ямар нөлөөгөөр манай улсын эдийн засаг болон төсөвт нөлөөлсөн, үүнийг эсрэг ямар арга хэмжээ авах талаар ярихгүй байна. Тиймээс агуулга хэлбэрийн хувьд алд дэлмийн зөрүүтэй төсвийн тодотгол болж байна. Нэг жишээ хэлэхэд, Улсын төсвийн орлогыг 30 хувиар нэмэгдүүлжээ. НДШ, НӨАТ-ийн орлогыг 30 хувиар нэмэгдүүлэн баталснаа буулгах болов уу гэсэн хэвээр нь оруулж ирсэн байна.
Төсвийн бодлого бол Монгол Улсын макро эдийн засгийн үндсэн бодлого байдаг. Тиймээс төсөв хийхийн тулд нөхцөл байдлаа сайн ойлгосон байх ёстой. Гэвч эдийн засгийн эрүүл мэнд ямар байгаа талаар ямар ч онош, дүгнэлт хийгээгүй. Инфляци 14 хувь, ажилгүйдэл 8 хувьтай гэж тайвшруулсан байдлаар асуудлыг оруулж байгаа ч бодит байдал дээр ядуурал 30-аас дээш хувьтай байна. Засгийн газар өрийг их хэмжээгээр нэмэгдүүлсэн. Ингэхдээ бяцхан залиар Дэлхийн банк Монгол Улсын Засгийн газрын өрийг эдийн засгийнхаа 92 хувьтай тэнцэж байна гэсэн дүгнэлт гаргасан. Гэтэл Засгийн газар өр эдийн засгийн 50 хувьтай байгаа, өрийг 60 хувь болгоно гэсэн байдлаар хандаж байна. Монголбанк болон бусад банкинд байгаа өрийг Засгийн газрын өр биш мэтээр үзэж байгаа нь маш хариуцлагагүй зүйл болж байна. Ардаа алагчилсан төсөв болжээ. Төсвийн нийт хөрөнгө оруулалт 3 их наяд төгрөг байхад зөвхөн Хэнтий аймагт 700 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тусгасан байна. Зөвхөн Хэнтий аймагт 331 тэрбумаар сум, багууд руу зам барихаар төсөвлөсөн нь ардаа алагчилж буй хэрэг. 331 тэрбум төгрөг бол их мөнгө. Дарханы үлдсэн 50 км замыг барихад хүрэлцэн хэмжээний мөнгө. Стратегийн ач холбогдолтой замаа засахгүй байх нэг аймагт хэт их хөрөнгө оруулалт төсөвлөсөн байна" хэмээлээ.
Холбоотой мэдээ