Хил хязгааргүй сурвалжлагчид (RSF) 2022 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг танилцууллаа. Үүнд Норвеги тэргүүлж, Дани, Швед удаалсан байна. Харин энэ онд манай улс хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр 22 байр ухарч, 90 дүгээрт эрэмбэлэгджээ. Түүнчлэн энэ жилийн хувьд
- RSFIndex, мэдээ, мэдээллийн эмх замбараагүй байдлын үр нөлөө - худал мэдээлэл, суртал ухуулгыг хөхүүлэн дэмждэг, глобалчлагдсан, зохицуулалтгүй цахим мэдээллийн орон зайн үзүүлэх үр нөлөөг онцолж байна.
- Энэ жилийн индексээр "маш муу" гэсэн үнэлгээг 28 орон авсан нь хамгийн дээд хэмжээнд хүрэв. Хэвлэлийн эрх чөлөө хамгийн ихээр доройтсон 10 орны тоонд 2021 оны хоёрдугаар сард болсон төрийн эргэлтийн улмаас хэвлэлийн эрх чөлөө 10 жилээр ухарсан Мьянмар (176-д), Хятад (175-д), Туркменистан (177-д), Иран (178-д), Эритри (179-д) болон Хойд Солонгос (180-д) багтаж байна.
- RSFIndex-ийг тэргүүлж буй орнуудад скандинавын гурвал -Норвеги, Дани болон Швед багтсан бол засгийн газар өөрчлөгдсөний үр дүнд Молдав (40-д) болон Болгар (91-д) энэ жил онцгойрч, сэтгүүлчдийн нөхцөл байдал сайжирна гэсэн итгэл найдвар төрүүлж байна.
- 2022 оны Индексийг эмхэтгэхэд шинэ аргачлал ашиглав - RSF Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний 20 дахь индексийг эмхэтгэх шинэ аргачлал боловсруулжээ.
Хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдлыг цогцоор нь харуулах үүднээс
- улс төрийн нөхцөл байдал,
- хууль эрх зүйн орчин,
- эдийн засгийн нөхцөл байдал,
- нийгэм соёлын нөхцөл байдал,
- аюулгүй байдал гэсэн таван шинэ шалгуур үзүүлэлтийг индекс эмхэтгэхэд ашиглаж эхлэв.
RSF-ийн эрэмбэлсэн 180 улс оронд хэвлэлийн эрх чөлөөний зөрчил, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслийн эсрэг үйлдсэн хүчирхийллийн тохиолдлуудад суурилсан тоон судалгаа, мөн RSF-ээс сонгосон хэвлэлийн эрх чөлөөний чиглэлээр ажилладаг хэдэн зуун шинжээчийг оролцуулан нийт 123 асуулт бүхий асуумжид суурилсан чанарын судалгаанд үндэслэн шалгуур үзүүлэлтүүдийг үнэлэв. Шинэ сорилтууд, тэр дундаа хэвлэл мэдээллийг цахимжуулахтай холбоотой асуудлуудыг илүүтэйгээр авч үзэх үүднээс асуумжийг шинэчлэн боловсруулсан.
Эх сурвалж: Глоб Интернэшнл Төв