УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Жилд ойролцоогоор цахим мөрийтэй тоглоомд 100 гаруй тэрбум төгрөгийг гадагшаа алдаж байна. Кибер цагдаагийн албанд хандаж, гаднаас хандалт хийлгэдэг сайтуудын нэвтрэлтийг Монгол талаас хаалгасан. Хаалгасан ч хандсаар байна. “Агент” гээд тусдаа албан тушаал гарч ирсэн. Тэдний Монгол данс руу мөнгө хийхээр цахим мөрийтэй тоглоомын данс нь цэнэглэгддэг. Сүүлдээ агентууд криптовалютаар хүртэл тооцоо хийдэг хил хязгааргүй орчинд мөрийтэй тоглоомтой тэмцэж байна. Нэгдүгээрт, цахим орчин дахь зөрчилтэй Зөрчлийн тухай хуулиар тэмцэж байгаа. Хууль хяналтын байгууллага агентуудын дансыг нь хөөж үзэхэд тодорхой эрхэлсэн ажилгүй, орон гэргүй хүмүүсийн арилжааны банкан дахь дансаар гүйлгээ хийсэн нөхцөл байдал тогтоогдсон. Өргөн хүрээтэй шалгалтын ажил явагдаж байгаа. Төв талбайд өөрийгөө шатааж, амиа хорлохыг завдсан залуу ч гэсэн цахим тоглоомд маш их хэмжээний мөнгө, машинаа хүртэл алдсан байсан. Залуусыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн хуулийн төслийг Засгийн газраас боловсруулж байгаа. Тухайлбал, морин тойруулгын уралдаанаар илүү соёлт харилцааг бий болгох зохицуулалтыг оруулж ирнэ” хэмээлээ.
Холбоотой мэдээ