Кино урлагийн зөвлөлийн даргаар жүжигчин Ч.Ундралыг томилжээ
5 сарын 10, 2022

Монгол Улс өнгөрсөн онд кино урлагийг дэмжих тухай хуулийг баталж, энэ оноос хэрэгжиж эхэлсэн. Хууль батлагдсаны дараа Кино урлагийн үндэсний зөвлөлийг байгуулсан юм. Үндэсний зөвлөл нь дарга, орон тооны бус 10 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллах бөгөөд үйл ажиллагаандаа хараат бус байх зарчмыг баримтална гэж хуульд тусгажээ. Зөвлөлийн гишүүдийн 30 хувь нь төрийн байгууллагын төлөөлөл, үлдсэн нь уран бүтээлчид, мэргэжлийн ТББ-ын төлөөлөл байх гэнэ. Мөн тус хуулийн 9.7 зүйлд “Зөвлөлийн дарга нь төрийн албан хаагч байх бөгөөд түүнийг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулж, соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө гэж заасан байна. Тус зөвлөлийн даргаар жүжигчин, хөтлөгч Ч.Ундралыг томилжээ. Харин зөвлөлийн гишүүдийн сонгон шалгаруулалт үргэлжилж байгаа юм байна.