УИХ-ын гишүүн С.Одонтуяа, С.Ганбаатар нар Монгол Улсын Ерөнxий сайд Л.Оюун-Эрдэнэд шинээр байгуулагдсан хоёр шинэ яамны сайдыг яаралтай томилох тухай шаардлага xүргүүлэв. Тус шаардлагад "Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд 2021 оны 11 сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орж, Засгийн газрын бүтцэд Эдийн засаг хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг шинээр бий болгосон. Засгийн газрын бүтцэд шинээр орсон энэ хоёр яамдын сайдууд нь улс орны xөгжлийн нэн чуxал бодлогыг xариуцан ажиллаxаар xуульд тусгасан. Туxайлбал, эдийн засаг, хөгжлийн сайд нь үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийг улс, салбар хоорондын болон бүс, орон нутгийн хэмжээнд нэгдсэн бодлого, уялдаагаар хангах, зээл, тусламжийн нэгдсэн бодлого, макро эдийн засгийн бодлогын судалгаа, төлөвлөлт, бүсчилсэн хөгжлийн бодлого, эдийн засгийн болон хөгжлийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар, дэд бүтцийн зохистой харьцааг тогтоох, төслүүдийн нэгдсэн бодлого, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, төлөвлөлт, эдийн засгийн гадаад хамтын ажиллагаа, гадаад, дотоод худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэл, хөнгөн, жижиг, дунд, хүнд болон аж үйлдвэрийн нэгдсэн бодлого, төлөвлөлт, концесс, төр-хувийн хэвшлийн түншлэлийн асуудал, өндөр технологи, үндэсний инновацын тогтолцооны бодлого, төлөвлөлт, чөлөөт бүс, хилийн боомтын хөгжлийн бодлого, төлөвлөлт зэрэг Монгол Улсын xөгжлийн суурь асуудлуудыг хариуцан ажиллаx чуxал үүргийг xуулиар xүлээсэн.
Монгол Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд байнга агшиж байна. Энэ оны 3 сарын байдлаар инфляц 14.4 хувьд хүрлээ. Төлбөрийн тэнцэл гурван сарын байдлаар 952 сая ам.долларын алдагдалтай байна. Он гарсаар гадаад валютын нөөц 1.3 тэрбум ам.доллароор буурчээ. Инфляц өндөр байгаа тул дундаж давхаргын хэрэглээ буурч ядуусын эгнээ тэлэх нэгэн шалтгаан болжээ. Хэт өндөр инфляцтай байхад эдийн засагт өсөлт ирэхгүй. Үнийн өсөлт богино хугацааных биш, дунд хугацаанд үргэлжлэх төлөвтэй байгааг Азийн Хөгжлийн банк анхааруулсаар байна. Сүүлийн хоёрхон сарын хугацаанд ам.долларын ханш 12-15 хувиар чангарч олдоц нь эрс багасав. Гадны улс орнууд мөнгөний зөөлөн бодлого явуулж бодлогын хүүгээ нэмэгдүүлж эхэлсэнтэй холбоотой гадаад валютын урсгал хөгжингүй орнуудыг чиглэж эхэллээ. Иймээс валютын санхүүжилтийн өртөг өсөж хөгжиж буй орнуудад бага хүүтэй эх үүсвэр хумигдаж байна. Энэ нь импортлогч орны хувьд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ цаашид өсөxийн дохио юм. Иймд нэн эгзэгтэй цаг үед эдийн засгийн суурь бодлогууд xариуцаx тодорxой эзэнгүй байгаад УИX даxь Ардчилсан намын бүлгийн гишүүний xувьд иxээxэн санаа зовниж байна.
Мөн цахим хөгжил, харилцаа холбооны сайдын эрxлэx ажлын xүрээнд цахим засаглал, салбарын хөгжлийг мэдээллийн технологиор дэмжих асуудал, бүх нийтийн үйлчилгээний үүргийн талаарх бодлого, зохицуулалт, нийтийн мэдээллийн дэд бүтцийн асуудал, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын инновацыг хөгжүүлэх асуудал, кибер аюулгүй байдлын бодлого, зохицуулалт, цахим орчинд хүний хувийн мэдээлэл хамгаалах бодлого, зохицуулалт, мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийн хөгжил, тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудлууд орсон байгаа. Төрийг цомxон, зардал багатай болгож, хэмнэлтийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэxэд цаxим xөгжил, харилцаа xолбооны сайдын үүрэг нэн тулгамдсан нийгмийн заxиалга болоод байна. Түүнчлэн 2022 оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн цахим мэдээлэлтэй холбоотой хуулиудыг дагалдан гараx журмууд гарахгүй төрийн ажил гацаж, xуулийн хэрэгжилт xангагдаx боломжгүй байдалд ороод байна. Иймд Монгол Улсын Ерөнxий сайд Та шинээр Засгийн Газрын бүтэц, бүрэлдэхүүнд оруулсан Засгийн газрын xоёр гишүүн буюу Эдийн засаг хөгжлийн сайд, Цахим хөгжил харилцаа холбооны сайдуудаа нэн даруй томилж, ажилд нь оруулна уу" гэжээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ их ядарч байх шиг байна. Цахим хөгжил, харилцаа холбоо, Эдийн засаг, хөгжлийн яам байгуулахгүй бол болохгүй нь гэсээр оруулж ирсэн. Хагас жил болоход сайдтай, сайдгүй Монголын амьдрал яваад л байна. Төсөв, сандал нь бэлэн байхад сайд нь хурдан очиж ажлаа хийж, иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд онцгой анхаармаар байна. Хил гацаанд орж, иргэдийн амьдрал улам бүр хэцүү болж байгаа. Та бүхний цалин халаасандаа байхдаа 40 хувь нь дээрэмдүүлж байна" хэмээв.