ҮБХ-ны нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 27-н хүртэл явуулна
5 сарын 16, 2022

Ардчилсан Намын "Үндэсний Бодлогын Хороо"-ны эргэлтийн сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулах ёслолын арга хэмжээ боллоо. Тус намын дарга С.Эрдэнэ "Намын дүрмээр ҮБХ-ны 304 гишүүний 76-аас доошгүй хувь нь залуучууд байх ёстой. Энэ бол төлөөллийн хувьд хангалттай үзүүлэлт юм. Ардчилсан Намгүйгээр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг тодорхойлох боломжгүй. Үндэсний бодлогын хороо өнөөдөр шинэ бүрэлдэхүүнээр бүрэлдэж байна. Сонгуулийн дүн гарсны дараа ҮБХ-ны нийт бүрэлдэхүүний 80 гаруй хувь нь бүрдэнэ. Ингэснээр ҮБХ бүрэн чадамжтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлнэ гэж харж байгаа. 2024 оны болон бүх шатны сонгуулийн бэлтгэл ажил руу орно. Намын дотоод бүтэц зохион байгуулалт шинэчлэлийг өндөр түвшинд богино хугацаанд хийх зайлшгүй шаардлагатай. Энэ үүргийг биелүүлэхэд гол ачааг үүрэх хүмүүс энд хүрэлцэн ирсэн байна.

Бидний хувьд олон сорилтыг давах ёстой. Намын дотоодод үүссэн аливаа маргааныг шийдэх эрх хуулиараа ҮБХ-нд олгогдсон.АН-ын ҮБХ-ны гишүүнд Ц.Элбэгдорж, Д.Сосорбарам зэрэг хүмүүс нэр дэвшиж байна. Нэр дэвшиж байгаа хүн бүрийг АН-ын лидерүүд гэж харж байгааг хэлье. Нэр дэвшигчид тойрогтоо хүрч гишүүдтэйгээ заавал уулзаж, намын үнэт зүйлийг ойлгуулах тал дээр манлайлж ажиллахыг уриалж байна" гэв.

АН-ын дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг "ҮБХ-ны нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 27-н хүртэл явуулна. Улмаар тавдугаар сарын 29-ний өдөр санал хураалт болсноор тус хорооны нийт гишүүний 80 хувь нь бүрдэх юм. Шинэчилсэн дүрмийн дагуу хийх олон ажил бий" гэв.