Хятад шошготой цагаан өнгийн нунтаг махтай хольж хэрэглэж байсан нь тогтоогдсон байна
5 сарын 17, 2022

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, Эмээлтэд байрлах “Эм Ди Си Пи” компанийн мах боловсруулах үйлдвэрийн талаар ирүүлсэн гомдлын дагуу хяналт шалгалт хийсэн. Тус үйлдвэр нь ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нь тогтоогдсон бөгөөд технологийн орц заавар байхгүй, агуулахын бүртгэлгүй байжээ. Мөн тус үйлдвэрт БНХАУ-д үйлдвэрлэгдсэн хадгалах хугацаа нь дууссан хятад шошготой цагаан өнгийн нунтаг бүтээгдэхүүнийг технологийн ямар нэгэн зааваргүйгээр махтай хольж хэрэглэж байсан нь тогтоогдсон байна. Тус зөрчлийн дагуу үйлдвэрлэлийн орчинд байсан нунтаг бодис, бодисыг хольсон ус, ямааны мах зэргээс дээж авч шинжлүүлэхээр лабораторид хүргүүлсэн. Хэргийг прокурорын байгууллагад шилжүүлж, шалгах ажил үргэлжилж байна. Иймд иргэд худалдан авч буй бүтээгдэхүүний хадгалах хугацаа, зөвлөмжийг сайтар ажиглахыг хүсч байна гэв.