Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Сангийн сайд Б.Жавхлан “Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банкны чанаргүй зээл 201 тэрбум төгрөг төлөгдсөн байна. Мөн QSC компани өнөө маргаашгүй 60 тэрбум төгрөгийг төлнө гэдгээ мэдэгдсэн. Нийтдээ 260 тэрбум төгрөгийн чанаргүй зээл төлөгдөнө гэсэн үг. Засгийн газрын хувьд нэгдүгээр сараас эхлэн Хөгжлийн банкны асуудалд онцгой анхаарал хандуулсны гол шалтгаан нь ирэх жил төлөгдөх хоёр бондын асуудал юм. Үүнээс онцгой анхаарах нь Самурай бонд. Хэрэв Хөгжлийн банк өрөө төлж чадахгүй бол Засгийн газар төлнө. Энэ хэмжээний дарамт төсөв, татвар төлөгчдийн нуруун дээр ирнэ гэсэн үг. Тиймээс эрсдэлтэй тулахгүйн тулд хуримтлагдаж ирсэн чанаргүй зээлийг маш яаралтай төлүүлэх арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай. Цаг хугацааны хувьд энэ оны зургадугаар сарын 30 болон энэ оны арванхоёрдугаар сарын 31- чухал. Өөрөөр хэлбэл, арванхоёрдугаар сарын 31-ний тайлан муу гарвал Хөгжлийн банкыг татан буулгана. Хэрэв бид чанаргүй зээлээ амжилттай барагдуулж дуусвал бондын эргэн төлөлтөө амжилттай хийнэ. Тиймээс энэ жил 800 тэрбум төгрөгийн чанаргүй зээл төлүүлэх төлөвлөгөөтэй байна. Хэрэв ингэж чадахгүй бол жилийн эцсийн тайлан сайн гарахгүй. Цаашид Хөгжлийн банк маш хариуцлагатай байх ёстой. Мэргэжлийн өндөр түвшинд хуулийн дагуу ажиллах ёстой. Үйл ажиллагаа нь маш тодорхой байх ёстой" хэмээв.
Холбоотой мэдээ