УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан гадаад өрийн нөхцөл байдлын талаар мэдээллэв. Тэрбээр "Энэ бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаа хамгийн их гадаад өр төлөх ачаалалтай үе. Бид жилд төлөх ёстой өрөө тухайн жилд нь бүрэн төлж барагдуулах ямар ч боломжгүй. Дахин санхүүжүүлж хугацааг хойшлуулах, хүүгийн зардлыг багасгах бодлого баримталж байгаа. Мөн жилд төсвөөс 200 сая орчим ам.доллар гаргаж гадаад өрөнд өгч байгаа. Энэ стратеги ирэх жил үргэлжилнэ. 2021 оны жилийн эцсийн байдлаар гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 50.7 хувьтай тэнцэж байна. Энэ хэмжээг аль болох нэмэгдүүлэхгүй байхаар төлөвлөж байна. 2023 онд "Гэрэгэ" бондын 540 сая ам.доллар, Хөгжлийн банкны Засгийн газраар баталгаа гаргуулж авсан "Самурай" бондын 730 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны "Евро" бондын 500 сая ам.долларын өрийг төлөх ёстой. "Евро" бондын 500 сая ам.долларын өрийг бүрэн төлж барагдуулна. Үүнийг Хөгжлийн банк өөрөө хариуцна. Харин "Самурай" бондын 730 тэрбум төгрөгийн өрийг Хөгжлийн банк өөрөө төлж чадахгүй бол Засгийн газрын эрсдэл болно. Тиймээс Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй түлхүү ажиллаж байна. Эхний үр дүнгүүд ч гарч байна. Оны эхнээс хойш 260 орчим тэрбум төгрөгийн зээл төлөгдсөн. Өөрөөр хэлбэл, "Самурай" бондын гуравны нэгийг Хөгжлийн банк өөрийн эх үүсвэрээрээ төлөх боломжтой болж байна. Энэ бондыг эргэн төлөх хугацаа 2023 оны арванхоёрдугаар сарын 25. Үүнээс өмнө 730 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийг төлүүлчихвэл өрөө барагдуулах боломжтой" гэв.
Холбоотой мэдээ