УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Гадаад өрийн асуудлыг УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр танилцуулсан. Монгол Улсын өрийг төлөх чиглэлээр яаралтай арга хэмжээ авахгүй бол ноцтой байдалд хүрэх талаар мэдээлсэн. Монгол Улсын Засгийн газар өрийн аргачлалыг тооцохдоо зориуд хүмүүсийг төөрөгдүүлсэн, буруу аргачлалыг хэлээд байна. Жишээлбэл, Дэлхийн банк Монгол Улсын өр хамгийн ноцтой түвшинд орсон. ДНБ-ний 221 хувьтай тэнцэх өртэй болсон гэдгийг мэдээлсэн. Гэтэл манай улс санаа зовох хэмжээнд хүрээгүй, хуулийн хүрээнд байгаа, төрийн өмчийн компаниудын өрийг Засгийн газрын өрд тооцохгүй гэж хасч байна. Өөрөөр хэлбэл, аргацаасан, хүн хуурсан аргачлалыг бий болгосноороо өрийн асуудал ноцтой хэмжээнд хүрээгүй гэсэн ойлголт өгч байна. Энэ бол маш буруу. Бид асуудлаа хүлээн зөвшөөрөх ёстой. Харин өрөө яаж хурдан барагдуулах вэ гэдгийг шийдэх ёстой. АН төрийн өмчит компаниудаа хувьчлах, нээлттэй хувьцаат компани болгох маш их боломж байна гэдгийг хэлж байгаа. Энэ чиглэлээр ажиллаасай гэж хүсэж байна. Төрийн өмчит компаниудаа яаралтай хувьчлах ёстой. Манай улс өрийн хавханд орсон орнуудын тоонд орсон гэдгийг хэлмээр байна" гэж мэдээллээ.
Холбоотой мэдээ