“Оюутан цэрэг” хөтөлбөрт 5000 гаруй оюутан хамрагдаж, цэргийн алба хаажээ
5 сарын 24, 2022

   Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар “Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын “Цэргийн ерөнхий бэлтгэл” онолын сургалтыг зохион байгуулж буй явц, байдалтай танилцаж, оюутнуудтай уулзжээ.Тус сургалт Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль, Монгол Улсын боловсролын их сургуулиудыг түшиглэн зохион байгуулагдаж байна.

Энэ жил анх удаа “E-Mongolia” цахим платформоор бүртгэл явуулж, нийт 1,472 оюутан бүртгүүлснээс голч оноогоор жагсаан, эрүүл мэндийн үзлэг, биеийн тамирын шалгалтад хамруулсан бөгөөд сонгон шалгаруулалтад 400 гаруй оюутан тэнцсэн аж.

Бригадын генерал Ж.Болдбаатар оюутнуудтай уулзах үеэрээ тэдний санал сэтгэгдлийг сонсож, батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг сурталчлан, таниулжээ.

Тэрбээр оюутнуудад хандан “Та бүхэн ирээдүйд өөртөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд, мөн иргэний үүргээ үнэнчээр биелүүлэхээр энэхүү сургалтад хамрагдаж байна. Тус хөтөлбөрт хамрагдсанаар залууст эх оронч үзэл төлөвшиж, тэдний нийгэм, гэр бүлийн хандлага, хариуцлага сайжирч, хууль журмыг ойлгож авдаг. Өмнө нь цэргийн албыг ганцхан хэлбэрээр буюу зөвхөн биеэр хаадаг байсан. Өнөөдөр иргэдэд олон сонголт бий болсон. Үндсэндээ иргэдийн санал сэтгэгдлийг сонсож, эрхзүйн орчныг шинэчлэх хүрээнд Батлан хамгаалах салбарын хуулийн зохицуулалтууд ийм хэлбэрээр сайжирч байгаа. Мөн ёс суртахуун, ёс зүйг сайтар сахиж, салбарын бие бүрэлдэхүүн хандлагаа өөрчлөх талаар ихээхэн анхаарч ажиллаж байна. Улс орны ирээдүй болсон залуус та бүхэн эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн зэрэгцээ цэргийн нөхөрлөлийг мэдэрч, албаа амжилттай хаахыг хүсье” гэсэн юм.

Мөн оюутнууд цэргийн албаа хааж, цаашид сургуулиа төгсөөд Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн хамт Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Г.Ялалт, БХЯ-ны СБТГ-ын Орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтсийн дарга хурандаа Д.Энхсайхан нарын албаныхан ажиллажээ . “Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр зургаан удаагийн сургалтад 5,000 гаруй оюутан залуус хамрагдаж, цэргийн алба хаасан байна гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.