Б.Баттөмөр: Ашигт малтмалын салбарт хийгдэж буй гэрээнүүд Монгол Улсад ашиггүй байна
5 сарын 24, 2022

   Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан болж байна. Хуралдаанаар “Петрочайна Дачин Тамсаг” компаниас Монгол Улсын хүртэх ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Байнгын хорооны дарга Б.Баттөмөр "Ирэх сарын ихээр Тамсагийн сав газарт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд болон зарим гишүүд очиж ажиллана. Ковидоос болж, мөн тус компанийн удирдлагууд солигдсоноос хойш энэ ажиллагаа хойшилж, ирэх зургаадугаар сард товлогдоод байна. Ашиг сонирхлын асуудал маш чухал.

Машин түрээслүүлдэг, хүүхдийн сургалтын төлбөр төлүүлдэг л гэнэ. Үүнийг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох байх. Газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээг хариуцаж ажиллаж байгаа хүмүүс үнэхээр Монгол Улсын төлөө ажиллаж байна уу. Зарим гишүүдийн хэлж байгаа шиг тухайн компанийн ажилтан шиг болчихсон, ямар үүрэг даалгавар өгнө тэрийг нь хэрэгжүүлдэг, өөрийнх нь эрх ашиг хангагдаад явж байдаг, улсын эрх ашиг хангагддаггүй байж болохгүй. Үүнийг анхааралдаа авч ажиллах нь зүйтэй.

Ер нь ашигт малтмалын салбарт хийгдэж буй гэрээнүүд Монголд үнэхээр ашиггүй байна. Оюутолгойн гэрээ ашиггүй гэрээ байсан" гэлээ.