НАЛУУ-УХАА ТӨСӨЛ ДЭЭР ТУУШИН КОМПАНИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
5 сарын 25, 2022

Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн бүсийн хөгжлийн газрын зүгээс төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх ажлын хүрээнд Туушин компанийн удирдлагууд болон Налуу-Ухаа дагуул хотын зураг, төсөл, хот төлөвлөлтийн ажлыг хийж гүйцэтгэхээр Бүгд Найрамдах Франц улсын SATHY компанийн удирдлагуудтай гурван талт уулзалтыг зохион байгуулж, Налуу-Ухаа төсөл дээр хамтран ажиллахаар боллоо. Уулзалтад Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан, Туушин группийн Ерөнхийлөгч Н.Зоригт болон Туушин компанийн Дэд захирал Ж.Монголжингоо, SATHY компанийн Төсөл хариуцсан захирал Шанто Павин, Монгол дахь салбарын Гүйцэтгэх захирал Ц.Самдан зэрэг холбогдох хүмүүс оролцлоо. Нийслэл Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах, эдийн засгийг төрөлжүүлэх чиглэлээр Дагуул, хаяа хот тосгодыг байгуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэх нь чухал юм. Тиймээс Налуу-Ухаа төслийн ажлыг эхлүүлэхэд Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын зүгээс анхааран ажиллаж энэхүү гурван талт уулзалтыг зохион байгуулсан юм. Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан, нийслэл болон холбогдох байгууллагын зүгээс дагуул хот, эдийн засгийн тусгай бүс байгуулах ажил дээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудлыг чухалчлан авч үзэж байгаа бөгөөд хувийн хэвшлийн зүгээс төсөлд оролцож, хамтран ажиллах тохиолдолд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх боломжийн талаар саналаа хэллээ. Түүнчлэн эхний ээлжид Налуу-Ухаа төслийн төлөвлөлт болон зураг, төслийн ажлыг мэргэжлийн компани хийж, гүйцэтгэхэд шаардагдах санхүүжилтийн асуудалд хувийн хэвшлийн зүгээс дэмжлэг үзүүлэх талаар саналыг нь сонслоо. Туушин группийн Ерөнхийлөгч Н.Зоригт уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, “Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсүүдийг байгуулах ажилд хувийн хэвшлүүдийн оролцоо, дэмжлэг чухал гэдгийг онцлоод, суурь дэд бүтцийн хувьд оновчтой Налуу-Ухаа төсөл дээр хамтрах боломжтой талаар дурдаж, тэр дундаа олон жилийн туршлагадаа үндэслэн тээвэр, логистикийн төслүүд дээр хамтран ажиллах сонирхолтой байгаа талаар саналаа хэллээ. Налуу-Ухаа төслийн хот төлөвлөлт, зураг төслийн ажлыг хийж гүйцэтгэх талаар SATHY компанийн Төсөл хариуцсан захирал Шанто Павин уулзалтын үеэр компанийн туршлага болон ажиллаж байсан олон улсын төслүүдийн талаар товч танилцуулга хийж уулзалтад оролцогчдод мэдээлэл өглөө. Мөн уг төсөл дээр ажиллахдаа төрөөс баримталж буй бодлого, чиглэлийг анхаарч төр, хувийн хэвшил, иргэдийн зүгээс өгөх санал зөвлөмжийг тусгах талаар онцолсон. Уулзалтын төгсгөлд Туушин группийн Ерөнхийлөгч Н.Зоригт, “Налуу-Ухаа төслийн төлөвлөлт болон зураг төслийн ажлыг хийхэд шаардлагатай санхүүжилт дээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн шугамаар хамтран ажиллахад бэлэн” гэдгээ илэрхийллээ.