Засгийн газраас 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, Төрийн болон орон нутгийн өмчит компанийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, тэдгээрийн хувьцаа эзэмшигчийн хувь хэмжээ, эрх үүрэг, компанийн удирдлагыг томилохтой холбоотой харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулж ирснийг онцлоод гэвч энэ хугацаанд төрийн болон орон нутгийн өмчит компанийг үүсгэн байгуулах үндэслэл, шаардлага тодорхой бус, төрийн зохицуулах болон өмчлөлийн бодлого салангид байх зарчим алдагдсанаар зах зээлийн нөхцөл байдал, ирээдүйд үүсэж болох эерэг, сөрөг үр дагаврын талаар үндэслэл бүхий иж бүрэн судалгаанд суурилалгүйгээр эдийн засгийг зохицуулах чиг үүрэг бүхий төрийн байгууллагууд харьяандаа аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд үүсгэн байгуулж, зах зээлийн өрсөлдөөнд оролцож, хувийн хэвшлийн гүйцэтгэх боломжтой бизнесийн үйл ажиллагааг өндөр зардлаар эрхэлж байгаа нь төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд үр ашиггүй, алдагдалтай ажиллах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгө үнэгүйдэх, төр, орон нутагт үүсэх зардлыг нэмэгдүүлэх, төр, орон нутгийн зохицуулах болон өмчлөгчийн чиг үүрэг холилдох үндсэн шалтгаан болж байна.
Тухайлбал, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2019 оны нийт орлого 9.7 их наяд төгрөг, үүнээс зардал нь 7.6 их наяд төгрөг, нийт ашиг нь 1.5 их наяд төгрөг байсан бол 2021 оны нийт орлого 11.8 их наяд төгрөг, үүнээс зардал нь 9.3 их наяд төгрөг, нийт ашиг нь 705 тэрбум төгрөг гарсан байна. Гэвч нийт ашгийн ихэнх хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын олсон цэвэр ашгаас бүрдүүлсэн байна. Бусад 160 гаруй төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн дийлэнх нь 5-10 хувийн ашигтай ажилласан боловч зардал нь өндөр, орлогынхоо 90-95 хувийг зардал нь бүрдүүлж байна гэж байлаа" гэв.