Дараах гишүүдийн нэрс сайдад яригдаж байна
8 сарын 26, 2022

Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээс гарсан даруйд л Засгийн газрын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүдээс хэн хэн орох бол гэсэн таамаг олны анхаарлыг татсан. УИХ-д дор хаяж хоёр удаа сонгогдсон гишүүд сайдын суудалд суух боломж үүснэ. Дээр нь аль нэг байнгын хорооны даргаар ажиллаж байсан бол давуу тал болно гэдэг таамаг түлхүү гарч байв. Харин өчигдрийн чуулганаар УИХ-ын гишүүд “давхар дээл”-тэй байх нөхцөл бүрэн бүрдчихлээ. Тэгвэл дараах гишүүдийн нэрс сайдын суудалд яригдаж байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Х.Нямбаатар, Цахим хөгжлийн сайдаар Н.Учрал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Д.Сарангэрэл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Г.Тэмүүлэн, Зам, тээврийн хөгжлийн сайдаар Б.Чойжилсүрэн, Эрчим хүчний сайдаар Б.Дэлгэрсайхан, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Х.Болорчулуун, Хууль зүйн сайдаар Ж.Сүхбаатар, Эдийн засаг, хөгжлийн сайдаар Ч.Хүрэлбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайдаар Ж.Мөнхбат, Эрүүл мэндийн сайдаар М.Оюунчимэг нар томилогдож магадгүй гэсэн таамаг яваад нэлээд удлаа. Олны үг ортой ч байж мэдэх юм. Зарим гишүүд салбараа булаацалдаж ч байгаа сурагтай. Ямартай ч дээрх нэр хэр дөхөж очихыг ирэх долоо хоногт л харах үлдлээ дээ.