Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлага олон улсын байгууллагын Дэлхийн конгресс аравдугаар сарын 10-14-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/-ын Дэйжон хотноо болно. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр Евроазийн бүс нутгийн "Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлага" байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Сагитов Расих Кадимовичийг хүлээн авч уулзлаа. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Улаанбаатар хотыг төлөөлж тус хуралд оролцохоор болжээ.
Улаанбаатар хотыг ногоон хөгжлийг эрхэмлэсэн хүртээмжтэй бөгөөд тогтвортой хот болгон хөгжүүлэх зорилгын хүрээнд, мөн "Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлага" олон улсын байгууллагын Евроазийн бүс нутгийн салбар зөвлөлийн гишүүний хувьд олон улсын хувьд тавцанд НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтыг нутагшуулахад нягт хамтран ажиллахыг зорьж байна гэдгээ Нийслэлийн Засаг даргын орлогч хэлж байлаа.
"Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлага" олон улсын байгууллагад дэлхийн 140 орны 240 гаруй хот, 175 хотын орон нутгийн удирдлагын холбоо хамаарагддаг байна. Мөн тус байгууллага нь Европ, Евроази, Латин Америк, Африк, Ойрх дорнод, Ази-Номхон далай, Хойд Америк болон Метрополис зэрэг долоон бүс нутагт салбаруудтай аж. Улаанбаатар хотын хувьд 2018-2021 онд тус байгууллагын Евроазийн бүс нутгийн салбарын Зөвлөлд албан ёсны гишүүнээр бүртгэгдсэн бөгөөд 2018, 2019 онд зохион байгуулагдсан хурлуудад амжилттай оролцсон билээ.
Энэхүү байгууллагад нэгдсэнээр дэлхийн хотуудын нэгдмэл, эвсэг байдал, хамтарч хүчээ нэгтгэх, өмнө тавьсан зорилтуудыг хамтран шийдвэрлэх чадвар боломж өндөр байгааг илтгэн хотуудын удирдлага, төлөөлөгчид цугларч тулгамдсан асуудал, түүнийг давж туулах туршлагаас танилцуулж ярилцах нь бусад хотын хувьд туршлага солилцох ач холбогдолтой юм.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР