Австралийн “Мэри голын яст мэлхий” гэгддэг өвөрмөц ховор амьтныг энэ долоо хоногт Лондоны Зоологийн Нийгэмлэг устаж алга болох 29 дүгээр түвшинд хүрээд байгааг албан ёсоор зарлаж, мөхөх аюултай амьтдын жагсаалтад бүртгэжээ.
Австралийн алслагдсан зүүн эргээр амьдардаг энэхүү хэвлээр явагч нь толгой дээрээ ногоон өнгийн залаатай тул “панк яст мэлхий” ч гэж нэрлэдэг байна.
Өөр нэг онцлог нь энэ амьтан үржлийн эрхтнээрээ амьсгалдаг гэнэ.
Үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан “панк яст мэлхий” өнөөдрийг хүртэл ганцаараа тэсэж үлдсэн тул дэлхий дээр түүнтэй ойр төрлийн ганц ч амьтан байхгүй юм.
“Түүнтэй ойр төрлийн амьтныг олохын тулд 50 орчим сая жилийн өмнөх ертөнц рүү буцах хэрэгтэй. Үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан энэ амьтныг мөхөөвөл бидний хувьд том гарз болно” гэж Австралийн Чарльз Дарвины их сургуулийн судлаач Мэрилин Коннел ярьж байна.
Австралид нэгэн үед олноор амьдардаг байсан яст мэлхий өнөөдөр хэд үлдээд байгаа нь тодорхойгүй байна гэж Лондоны Зоологийн Нийгэмлэг мэдээлжээ.
Биологичид “Elusor macrurus” гэж албан ёсоор нэрлэдэг яст мэлхийний Могикан хэлбэрийн залаа нь үнэндээ толгой дээр нь ургасан замаг гэнэ. Өмнө нь сайн судлагдаагүй байсан хэвлээр явагчийг Австралийн эрдэмтэн Жон Кэнн дөнгөж 1990-ээд оны дундуур шинэ төрөл зүйлийн амьтан гэж тодорхойлон бүртгүүлжээ.
Австралид Европчууд ирж байгалийг нь өөрчлөн, гол усанд нь шинэ төрөл зүйлийн загас үржүүлэх болсноор олон сая жилийг туулж ирсэн “панк яст мэлхий” мөхлийн ирмэгт ирээд байгаа ажээ.