Эдийн засагч, судлаачид Монгол Улсын өрийн асуудлаар судалгаа хийж, “Монгол Улсын өр” номыг гаргажээ. Номд Монгол Улсын өр үүссэн түүх өдгөө ямар нөхцөлд хүрснийг судалж бичсэнээс гадна өрнөөс хэрхэн гарах, цаашид богино болон дунд, урт хугацаандаа ямар бодлого баримтлах шаардлагатай талаарх зөвлөмж багтжээ. Уг зөвлөмжийг Ерөнхий сайдад хүргүүлэх гэж байгаа талаар эдийн засагч, судлаачид өнөөдөр /2018.6.13/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр эдийн засагч Т.Доржхандаас зарим зүйлийг тодрууллаа.
-Нэг хүнд ногдох өрөөрөө дэлхийд хоёрт орж байна гэлээ. Бид яагаад ийм байдалд оров?
-Монгол Улсын өрийн асуудлыг судлаад үзэхээр 2007, 2008 оноос эхэлсэн байдаг юм. Түүнээс өмнө дотоодын нийт бүтээгдэхүүний 23 хувьтай тэнцэж байсан. Энэ нь эрсдэл маш багатайд тооцогддог. Өрийн эрсдэлийн үзүүлэлтээрээ дэлхийд хамгийн багад тооцогддог байлаа. Гэтэл 10 жилийн дотор нэг хүнд ногдох өрөөрөө дэлхийд хоёрт ордог боллоо. Энэ нь улс төрчид төсвөө батлахдаа хэтэрхий тэлж, орлогоо хий төлөвлөж байгаатай холбоотой. Үүний үр дүнд алдагдал бий болж байна. Алдагдлаа гаднаас зээл авч бууруулна гэдэг нь буруу. Улстөрчид өнөөдрийг харж “Газрын дор бидэнд баялаг байна” гэсэн байдлаар хандаж ирсний горыг иргэд татвар хэлбэрээр нуруун дээрээ үүрч байна.
-Энэ байдлаас хэрхэн гарах вэ?
-Иргэдийн дунд өрийн талаар нэгдсэн ойлголт алга. Дунд, болон урт хугацаанд өртэйгөө хэрхэн ажиллах талаар төлөвлөгөө Засгийн газрын түвшинд алга. Уул уурхайгаас хараат байж, уул уурхайн бүтээгдэхүүний ханш өндөр байх үед эдийн засаг сэргээд, буурахаар нь дагадаг байж болохгүй. Тиймээс уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа энэ үед уг асуудлыг цэгцлэх хэрэгтэй. Эдийн засгийн тогтвортой хөрс бий болгохын тулд өрийн хязгаарыг урт хугацаанд тогтооё. Түүнийг нь төсөв хэлэлцэх бүрд сануулж байя. Зөвхөн уул уурхайг харалгүйгээр эдийн засгийн үндсэн салбар болох мал аж ахуй, аялал жуулчлал, IT-д суурилсан салбарыг дэмжих шаардлагатай байна.
Монгол Улсын гадаад өр одоогоор 17 их наяд төгрөгт хүрээд байгаа. Энэ онд төсвийн орлогынхоо гуравны нэгийг гадаад зээлийн төлбөрт зарцуулах юм байна. Харин 2019 онд 2.6 их наяд төгрөгийг үндсэн өрөнд, хүүнд нь 1.2 их наяд төгрөг төлөх төлөвлөгөөтэй байна. Түүнчлэн Монгол Улсын нэг иргэнд 10 мянган ам.доллар буюу 24 сая төгрөг ногдож байгаа юм байна.