Нийслэлийн Байгаль орчны газрын Хөрсний бохирдол, доройтлыг бууруулах хэлтсээс долоодугаар сарын 27-ны өдрөөс наймдугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд нийслэлийн Баянгол, Баянзүрх, Налайх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт газрын тосны жижиглэнгийн худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн нийт 225 Шатахуун түгээх станц /ШТС/-ын ариун цэврийн байгууламжид тандалт судалгаа хийж, нүхэн жорлонг тоолж бүртгэжээ.
Тандалт судалгаагаар Шатахуун түгээх станцууд стандартад нийцсэн соруулдаг септик системтэй, төвийн бохир усны шугамд холбогдсон болон стандартын бус нүхэн жорлон гэсэн гурван төрлийн ариун цэврийн байгууламж ашиглаж байгаа нь тогтоогджээ. Судалгаанд хамрагдсан 27 аж ахуйн нэгжийн ШТС-ын дэргэд 89 ширхэг нүхэн жорлон бүртгэгдсэн байна. Тэдгээрээс хамгийн олон нүхэн жорлон ашиглаж буй нь “Сод Монгол групп”, “Магнай трейд” компаниуд байлаа. Зөвхөн энэ хоёр компанийн 45 ШТС нүхэн жорлонтой байна.График 1. ШТС-д ашиглагдаж байгаа стандартын бус нүхэн жорлонгийн тоо
(ААН тус бүрээр)
Нүхэн жорлонгийн ашиглалтыг дүүргээр авч үзвэл Сонгинохайрхан дүүрэгт хамгийн олон буюу 31, Баянзүрх дүүрэгт 17, Хан-Уул дүүрэгт 14, Налайх дүүрэгт 12, Чингэлтэй дүүрэгт найм, Сүхбаатар дүүрэгт тав, Баянгол дүүрэгт хоёр ширхэг тоологджээ.
График 2. ШТС-д ашиглагдаж байгаа стандартын бус нүхэн жорлонгийн тоо
(Дүүрэг тус бүрээр)
Судалгааны явцад Шатахуун түгээх станцууд стандартад нийцсэн ариун цэврийн байгууламжийг нүхэн жорлонтой хослуулан хэрэглэх тохиолдол олон байна. Ийм тохиолдолд нүхэн жорлонг ариутгал халдваргүйжүүлэлт хийн булж устгах зөвлөмжийг Нийслэлийн Байгаль орчны газраас өгчээ. Тооллогын явцад газрын тосны жижиглэнгийн худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд санаачилга гарган нүхэн жорлонгийн тоог багасгаж, ариун цэврийн байгууламжаа стандартад нийцсэн, орчин үеийн шаардлагад тохирохуйц ариун цэврийн байгууламж болгон өөрчлөх цаг болсон нь харагджээ.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР