Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр ХБНГУ-ын “FAV Service” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Шупер, ХБНГУ-ын Тюринг мужийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэд захирал Т.Фалбуш тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү нар байлцсан юм. Тэд Улаанбаатар хотын иргэдийг ХБНГУ-д мэргэжлийн сургалт, дадлага хосолсон хөтөлбөрт хамруулахад хамтран ажиллах асуудлаар санал солилцов.
Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Улаанбаатар хот нь Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувь нь аж төрж, дотоодын нийт бүтээгдэхүүний 66 хувийг дангаар нь бүтээж буй нийгэм, эдийн засаг, боловсрол, соёл, бизнес, санхүүгийн төв гэдгийг онцлов. Түүнчлэн сүүлийн 30 жилийн хугацаанд нийслэлийн хүн ам гурав дахин өссөн бөгөөд иргэдийн сурч, боловсрох хэрэгцээ шаардлага мөн адил өсөн нэмэгдэж буйг хэллээ. Тэрбээр боловсон хүчин бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагааны саналыг талархан хүлээн авч, санамж бичгийн төсөлд саналаа тусган, зохих журмын дагуу байгуулахад бэлэн хэмээв.
ХБНГУ-ын “FAV Service” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Шупер Монгол Улс төдийгүй ХБНГУ-д Төрөлжсөн мэргэжлийн болон дээшлүүлэх сургалтад суралцах иргэдийн тоо багассан болохыг хэлж байлаа. Тэрбээр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх чиглэлд хамтран ажиллаж буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн энэхүү хосолсон сургалтын хөтөлбөрийн мэдээлэл иргэдийн дунд дутмаг байгааг хэлээд, энэ тал дээр сайтар анхаарч ажиллах хэрэгтэй гэсэн юм.
Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа “Улаанбаатар хотын иргэд, залуучуудыг Германд сургалт, дадлага хосолсон сургалтын хөтөлбөрт хамруулах хамтын ажиллагаанд Германы талаас ач холбогдол өгч буйд баяртай байна. Мэргэжлийн сургалт, дадлага хосолсон сургалтын хөтөлбөрийн талаар хүүхэд, залууст зөвлөгөө мэдээллийг сайн өгөх шаардлагатай” хэмээлээ.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР