Хан-Уул дүүргийн худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд Хотын шинэ стандартын талаар мэдээлэл өглөө
6 сарын 10, 2022

  НИТХ-ын ээлжит бус V хуралдаанаар Хотын есөн бүлгийн 38 стандартыг баталсан. Уг стандартууд 2022 оны аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Тэгвэл өнөөдөр Хан-Уул дүүрэгт худалдаа, үйлчилгээ эрхэлдэг 200 орчим аж ахуй нэгж, байгууллагын төлөөллүүдэд Хотын стандартын талаар мэдээлэл өгөх сургалтыг зохион байгууллаа.

Хотын стандарт, хяналтын газрын Худалдаа үйлчилгээний стандартын хэлтсийн дарга Н.Билэгсайхан “Хотын стандартыг мөрдөж эхлэхтэй холбогдуулан төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад мэдээлэл өгөх төлөвлөгөө боловсруулж байгаа. Үүнтэй холбоотой  Нийслэлийн Засаг даргын захирамж гарна. Тэгэхээр баталсан төлөвлөгөөний дагуу бусад стандартын талаар мэдээлэл олгох чиглэлээр ажлаа эхлүүлэх юм. Өнөөдрийн тухайд Хан-Уул дүүрэгт худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад мэдээлэл өгч байна. Ирэх долоо хоногоос эхлэн бусад дүүрэгт сургалтууд зохион байгуулна” гэв.