Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурал өчигдөр болж, Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцсэн.
Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг НИТХ-аар батлуулсан бөгөөд тус төлөвлөгөөнд таван бүлгийн 22 дэд бүлэгт нийт 984 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм. 2022 оны зургадугаар сарын 6-ны өдрийн байдлаар дээрх төсөл хөтөлбөрүүдийн 62.3 хувь нь биелээд байгааг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг танилцуулсан. Тэрбээр 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналыг танилцуулсан юм. Энэхүү нэмэлт өөрчлөлтийг УИХ-ын 24 гишүүн, НИТХ-ын 45 төлөөлөгчид танилцуулж, санал авсан гэдгээ тодотгосон юм. Мөн УИХ-ын дөрвөн гишүүн, НИТХ-ын 10 төлөөлөгч, нутгийн захиргааны 33 байгууллагаас санал ирүүлжээ. Нийт давхардсан тоогоор 500 орчим санал тусгасан байна.
2022 оны газар зохион байгуулалтын тодотголд гурван бүлэг, 13 дэд бүлэг, 406 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ. Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” төслийн хүрээнд харьяалах хэлтэс албадаас 29 байгууллагаас 50 байршилд газар эзэмшүүлэхийг хүссэн санал хүсэлт ирүүлсэн. Үүний дагуу 31 байршилд 1307 га газрыг эзэмшүүлэх санал оруулсан байна. Түүнчлэн нийслэлд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх үүднээс зургаан дүүргийн 16 байршлын 4.18 га газрыг нийтийн эдэлбэр газраар тогтоон газрын мэдээллийн санд бүртгэх, авто зам, замын байгууламжийн зориулалтаар 15 байршилд 1.78 га газрыг, орчны тохижилт, ногоон байгууламж, явган хүний замыг нэмэгдүүлэхээр 10 байршилд 17.2 га газрыг төлөвлөгөөнд тусгах зэрэг санал оруулсныг Зөвлөлийн гишүүд дэмжсэн юм. Ийнхүү Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулахыг Зөвлөлийн гишүүд дэмжлээ. Асуудлыг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР