Дэлхийн мисс тодорсон дэндүү сайхан өглөөний мэндийг уншигчдадаа хүргэе.
Гоо сайхны Олимп гэгддэг дэлхийн миссийн тайзнаас манай мисс А.Баярцэцэг богц дүүрэн амжилттай буулаа. Тэрбээр “морьтон монгол бүсгүй яагаад миссийн титмийг авч болохгүй гэж” хэмээсээр Дэлхийн миссийн тэмцээнийг зорьж байсан цаг саяхан. Гэтэл өнөөдөр 120 гаруй орны үзэсгэлэнт бүсгүйчүүдээс шилдэг 11-т багтсан, мөн авьяасын төрөлд манлайлж, дэлхийн миссийн тайзанд авьяас үзүүлбэрээ үзүүлсэн гайхамшигтай амжилтыг бидэнд дуулгалаа.
66 дахь удаагийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээн монголчуудын хувьд баяр баясал, догдлол, хүлээлт дунд болж өндөрлөлөө. Өмнө нь монголчууд Дэлхийн миссийн тэмцээн ямар журмаар, ямар шалгаруулалтаар хэрхэн явагддагийг тэр бүр мэддэггүй байсан. Харин энэ жилийн хувьд А.Баярцэцэг маань тусгай баг бүрдүүлж, зохион байгуулалттай ажиллаж чадсан.
Хэдэн өдөр ёстой утастайгаа “наалдан пад” болсон манайхан гуравхан саяулаа хэр нь сошиал ертөнцөд хамгийн их санал өгч, идэвхи, зүтгэл, сэтгэл гаргасан нь юу юунаас илүү сайхан санагдаж байв. Түүхэн амжилтыг авчирсан Алтангэрэлийн Баярцэцэг чамаараа бүхий л Монголчууд бид бахархаж байна. Цаашдын ирээдүй нь тодоос тод гэрэлтэж байна шүү, бүсгүй минь.
Дэлхийг гайхуулсан Монголжингоо
Жирийн нэг монгол ээж аавын охин, хаанаас ч харсан жинхэнэ монгол төрхтэй, энгийн даруухан хэр нь залуу хүний цог жавхлан, эрэмгий дайчин шинжийг бүрдүүлсэн ийм нэгэн монгол бүсгүй гоо сайхны олимпт эх орноо төлөөлөн оролцож, 120 гаруй орны үзэсгэлэнт бүсгүйчүүдээс Авьяасын төрөлд манлайлж, Олны таашаалд нийцсэн мисс төрөлд тэргүүн байрыг авч, нийт дүнгээр энэ оны дэлхийн шилдэг 11 бүсгүйн нэгээр шалгарсан гайхамшигтай амжилтыг гаргаж чадлаа.
Алтангэрэлийн Баярцэцэг хэмээх энэ шавилхан бүсгүй байгаа биеэсээ гарамгүй авхаалж самбаа, хүч чадал, тэсвэр тэвчээрийг гаргаж чадсан. Мөн тэрбээр энэ удаагийн тэмцээнд оролцохдоо олон нийтийн мэдээллийн сүлжээг маш сайн ашиглаж, зөв менежменттэй ажилласнаар өмнөх миссүүдээс илүү овсгоотой сэргэлэн байдлаа харуулж чадсан. Нөгөөтээгүүр А. Баярцэцэгт хэлний бэрхшээл байгаагүй учраас маш том давуу тал болсон.
Үүгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр манай охид залуус эх хэлээ бас гадаад хэлийг сурвал сурсан шиг сурч, түүгээрээ цэвэр тунгалаг ярьж, өөрийгөө зөв сайхан илэрхийлж чаддаг байх их чухал гэдгийг тэрбээр үлгэрлэн харууллаа. Тэрбээр оролцсон бүх тэмцээндээ монгол бичгээр уран бичиж, монгол хэл бичгийн соёлоо, монгол бүжгээ, үндэсний хувцсаа сурталчилж байсан нь хамгийн сайхан санагдаж байв.
Бичлэг бүрийнхээ эхлэлд эх орноо танилцуулж, дэлхийд Монголоо гайхуулж чадсан. Түүгээр ч барахгүй олон орны мисс бүсгүйчүүдтэй дотносон нөхөрлөж, эх орныхоо тухай тэдэнд ярьж өгч үнэхээр найрсаг, нийтэч байж онцгойрч чадсан.
Сайхан бүсгүй гэдэг зөвхөн зүс царай, бие бялдар, үзэсгэлэн гоо байхаас гадна авьяас билиг, арга ухаан, оюуны чадавх, ааш зан, авхаалж самбаа, яриа хөөрөө, намба төрх, хүмүүжил соёл, хүнтэй харьцах чадвар гээд бүх талаараа сайхан, өв тэгш байх ёстой юм байна гэдгийг тод томруунаар тэр харуулж чадсан.
Ямартаа ч ийм нэг үнэлэмж, босгыг улс, тив, дэлхийн тавцанд өрсөлдөх монголжин гоо бүсгүйчүүдэд А.Баярцэцэг маань тогтоож өглөө. Дээр нь бидний цөөхөн монголчууд хэдий хэрүүл тэмцэл хийж байвч, нэгдэх юман дээрээ нэгдэж чаддагийг, нэгдэж чадвал бидэнд ямар их хүч байгааг энэ удаагийн Дэлхийн Миссийн тэмцээний үзэгчдээс авах санал асуулгын үр дүн харуулж чадлаа.
Пуэрто Рико улс хос дэлхийн мисстэй болов
40 жилийн дараа “Дэлхийн мисс"-ийн титмийг хоёр дахь удаагаа эх орондоо авчраад байгаа Пуэрто Рикогийн гоо бүсгүй Стефани Дел Валле 1996 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 19 настай бөгөөд Нью-Йорк хотын “Pace” их сургуульд харилцааны чиглэлээр суралцдаг. Стефани испани, англи, франц хэлээр чөлөөтэй ярьдаг.
Дэлхий миссийн тэмцээнд оролцохоосоо өмнө Пуэрто Рикогийн загвар зохион бүтээгч Карлос Албертогийн загварын шоунд оролцож байжээ. Дэлхийн миссээр тодорсон Стефани Дел Валле авьяасын үзүүлбэрт дуу дуулж, багагүй авьяастай нэгэн гэдгээ харуулж чадсан.
Тодруулбал Стефанигийн хувьд шүүгчдийн саналыг хамгийн их авсан нь титмийн эзэн болоход нөлөөлсөн гэж үзэж байна. Учир нь тэрбээр Дэлхийн миссийн тэмцээн эхэлснээс авахуулаад олны анхаарлыг татаж, онцгой нэгэн гэдгээ харуулсаар ирсэн нь шүүгчдийн анхааралд ихээхэн өртсөн юм.
Тэмцээн эхэлснээс хойш Стефани түрүүлэх магадлалтай оролцогчдын эхний тавд байнга бичигдэж байв. Түүнийг “Дэлхийн мисс”-ийн хамгийн сайхан даашинзтай гоо бүсгүйгээр шалгаруулж, мөн сайхан инээмсэглэлтэй хэмээн зохион байгуулагчид дүгнэж байжээ.
Шинэхэн дэлхийн мисс маань хэдхэн цагийн өмнө өгсөн ярилцлагадаа өрөөний найз, Энэтхэгийн гоо бүсгүйг дэмжиж байсан тухайгаа ярьжээ. Мөн тэр өөрийгөө титмийн эзэн болно гэж төсөөлөөгүй байсан гэнэ. Хамгийн ихээр дэмжиж байсан ээждээ хайртайгаа илэрхийлсэн байна. Түүнээс өмнө буюу 2010 онд Пуэрто Рикогийн мисс Яра Ласанта дэлхийн мисс болж байв.
Тэрбээр энэ жил 30 настай бөгөөд, өдгөө нутгийнхаа "Telemundo''-д телевизийн хөтлөгчөөр ажиллаж буй. Харин нэгдүгээр байрт Доминиканы Бүгд найрамдах Улсын гоо бүсгүй Яритца Рэес, хоёрдугаар байрт Индонезийн гоо бүсгүй тус тус шалгарсан юм.