Нийслэлийн Замын хөгжлийн газар 2022 онд зам засвар, арчлалтын хүрээнд хотын 14 байршил дахь гол болон туслах замыг засаж, шинэчлэхээр болсон. Тэдгээр авто замуудад сүүлийн 15-20 жилийн хугацаанд ээлжит болон их засвар хийгээгүй тул асфальт бетон хучилтад торон хагарал, нүхэн эвдрэл ихээр үүсэж, энэ нь зарим хэсгийн суурь бүтцэд нөлөөлж, ашиглалтын хэвийн нөхцөл алдагдсан тул энэ ондоо багтаан засвар, шинэчлэл хийхээр төлөвлөсөн юм.
Шинэчлэлийн хүрээнд тухайн авто замд цемент бетон хучилтын хэв гажилтын заадас засварлах, суурь болон өнгө асфальт бетон хучилт, хэвтээ тэмдэглэл хийх, явган хүний замыг засан шинэчлэх зэрэг ажлыг хийж, гүйцэтгэж байна. Одоогийн байдлаар гурван байршилд шинэчлэлийн ажил бүрэн дуусаж, үлдсэн байршилд засвар, арчлалтын ажил үргэлжилж буй юм. Тухайлбал,
С.Чоймболын гудамж буюу 11-р сургуулийн хойд уулзвараас Бөмбөгөрийн уулзвар хүртэл
Баруун сэлбийн гудамж буюу Их дэлгүүрийн зүүн урд уулзвараас “Теди” төвийн зүүн хойд уулзвар хүртэл
Хилчний гудамж буюу Дотоод хэргийн их сургуулийн баруун урд уулзвараас “Харуул алтай” хотхоны баруун хойд зам хүртэл гэсэн гурван байршилд авто зам шинэчлэл, явган хүний зам засварын ажил бүрэн дуусаад байгаа юм.
Үлдсэн байршлууд дахь зам засвар, шинэчлэлийн ажил дараах үйл явцтай байна.
Хучилт, хэвтээ тэмдэглэл хийж дууссан, явган хүний зам засах ажил үргэлжилж буй байршлууд:
Хувьсгалчдын гудамж буюу Тасганы овооны уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэл
Н.Содномын гудамж буюу МУИС-ийн Бизнесийн сургуулийн хойд замаас Авто плазагийн уулзвар хүртэл
Ж.Батмөнхийн гудамж буюу Дашчойлин хийдийн урд талын замаас 11-р хорооллын уулзвар хүртэл
Хэсэгчлэн зам хааж хучилт хийж буй байршлууд:
Их сургуулийн гудамж буюу МУИС-ийн уулзвараас Хүнсний 4-р дэлгүүр хүртэл
Ногоон нуурын гудамж буюу Хангай хотхоны уулзвараас 32-ын тойргийн уулзвар хүртэл
Засвар, шинэчлэлийн ажил эхлэхээр бэлтгэл ажил хангаж буй байршлууд:
Ж.Самбуугийн гудамж буюу Гэсэр сүмийн уулзвараас МУИС-ийн уулзвар хүртэл
Цамбагараваас хойш Сонгинохайрхан дүүргийн 31-р хороон хүртэлх Дэнжийн зам
Амарсанаагийн гудамж буюу “Макс молл” их дэлгүүрийн баруун уулзвараас Ахуй үйлчилгээний уулзвар хүртэл
Засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэх тендер шалгаруулж буй байршлууд:
Усны гудамж буюу Циркийн хойд уулзвараас Нарны зам хүртэл
Партизаны гудамж буюу Онцгой байдлын ерөнхий газрын баруун урд уулзвараас 11-р сургуулийн уулзвар хүртэл зэрэг нийт 10 байршилд зам засварын ажил тодорхой шатанд явж байна.
Харин үлдсэн нэг байршил болох Намъянжугийн гудамж буюу Зүүн 4 замын уулзвараас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замын шинэчлэлийн ажил LRT төсөлтэй холбоотойгоор хүлээгдэж буй юм.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР