Нийслэлийн удирдлагууд газрын асуудлыг шийдэж, 640 хүүхдийн суудалтай сургуулийн шав тавилаа
6 сарын 22, 2022

  Хүн ам ихээр төвлөрсөн Баянзүрх дүүргийн 26-р хороо улсын нэг сургуультай боловч тэр нь хаанаа ч хүрэлцдэггүй, мөн улсын цэцэрлэггүй. Иймээс УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар дээрх асуудлаар удаа дараа хамтран ажиллаж, газрын асуудлыг шийдэн, тус хороонд 640 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгын шавыг өнөөдөр тавилаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Улаанбаатар хотын хамгийн нягтаршил ихтэй, хүн ам, сургуулийн насны хүүхэд олонтой хороо бол 26-р хороо. Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хамгийн их тулгамддаг асуудал. Дээд шүүх хүртэл явж байж газрын асуудлыг шийдэж, өнгөрсөн оны аравдугаар сард 2022 оны төсөвт сургуулийн хөрөнгө оруулалтыг тусгасан. Сургуулийг 10 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгөөр хоёр жилийн хугацаанд барина. Баянзүрх дүүргийн хэмжээнд 10 гаруй сургууль, мөн энэ тооны цэцэрлэг шаардлагатай байгаа. Дүүргийнхээ иргэдтэй уулзахад сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг байнга хөнддөг. 2024 онд манай дүүргийн хүн 400 мянгад хүрнэ. Монгол Улсын нийт хүн амын 10 хувь нь Баянзүрх дүүрэгт амьдардаг. Гэтэл хөрөнгө оруулалт нь 20 мянган хүнтэй аймагт өгч байгаагаас 10 дахин бага байна.


Нийслэл төдийгүй орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд нэгдэж Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хороо байгуулж, Нийслэл Улаанбаатар хотын эрх  зүйн байдлын тухай хуулиа шинэчлэн баталж, хотын хөгжлийн асуудлаар хүчээ нэгтгэн ажиллаж байна. Үүний үр дүнд Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтын төсөв 40 тэрбум байсныг 400 тэрбум болгож, 10 дахин нэмэгдүүлж чадсан. Үүний ялагч нь Улаанбаатар хотын иргэд.

26-р хороонд дахиад 2-3 газар байгаа ч эрх мэдэлд ойр хүмүүс авчихсан байдаг. Энэ хүмүүстэй шүүхээр дамжуулан “зодолдож” байгаа. Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Боловсролын газар гурван шатны шүүхээр явж, удаан хугацааны тэмцлийн үр дүнд сургууль барих боломж бүрдлээ. 25-р хороонд Замын цагдаагийн 10 давхар оффис барих гэж байсныг Хотын дарга болиулж, цэцэрлэг барихаар газрын асуудлыг шийдсэн. 240 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн шавыг ирэх сард  тавина. Сул газруудад ногоон байгууламж, эсвэл сургууль, цэцэрлэг байгуулна” хэмээлээ.


Баянзүрх дүүргийн 26-р хороонд сургуулийн насны 11 мянга орчим хүүхэд байдаг ч ганц л сургуультай учраас хүүхдүүдийн олонх нь харьяаллын бус сургуульд сурдаг. Харин дээрх 640 хүүхдийн сургууль ашиглалтад орсноор энэ тооны хүүхэд харьяаллын бус сургуульд сурах шаардлагагүй болж, энэ хэрээр түгжрэлд эерэг нөлөө үзүүлэх юм.

 Нийслэлийн Боловсролын газрын Ерөнхий боловсролын сургуулийн барилга, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Э.Баярмагнай “26-р хороонд энэ онд 920 хүүхдийн сургууль, 330 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орно. Мөн “Монгол тэмүүлэл” сургуулийн байр ашиглалтад орно” гэв.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг дарга О.Түвшин тус хороонд сургууль, цэцэрлэгийн хүртээмж маш хангалтгүй байдаг. Барилгажаагүй гурван талбай бий. Эдгээр газартаа сургууль, цэцэрлэг барихаар заримтай нь шүүхдэж байгаа гэдгийг хэлж байв.

Тус 640 хүүхдийн сургуулийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар "Golden light" групп барих юм. Группийн ерөнхий захирал С.Алтангэрэл “Манайх 2009 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 70 орчим төсөлд ажилласны 50 орчимд ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан. Орон сууц, үйлдвэр, үйлчилгээ, эмнэлэг, оффисын гэх мэт олон төрлийн барилга барьсан туршлагатай. Сургуулийг 2024 оны зун ашиглалтад оруулах гэрээтэй. Хэрэв хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэл 2023 онд ашиглалтад оруулна. Барилга нь зоорийн нэг давхар, дээшээ гурван давхар. Газрын нөхцөл байдлаас шалтгаалаад 640 хүүхдийн хүчин чадлаас илүүг барих боломжгүй. Хоёр спорт заал, гадна талбайг төлөвлөсөн” гэлээ.

 

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР