Хотхоны гарц хааж, бүтээн байгуулалтад хүндрэл учруулсан аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүллээ
6 сарын 28, 2022

   Замын бүтээн байгуулалтын хоёр байршилд “Эрэл” ХХК-ийн эзэмшлийн газар өртжээ. Тодруулбал, Олимпын гүүрийг Нарны зам хүртэл холбосон замын бүтээн байгуулалттай холбоотойгоор гүүрний хойд талд байрлах “Эрэл”-ийн байр болон орон сууцуудын гарцын асуудал хөндөгдсөн. Нийслэлийн зүгээс орон сууцны орц, гарцыг нээхээр зам тавих талбайд өртсөн “Эрэл” ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн ч хариу ирүүлдэггүй, хүлээж авах хүн байдаггүй байна. Иймд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэл хүргүүллээ.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөлтийн хэлтсийн дарга Н.Мөнхбаяр “Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн дөрөвдүгээр сарын 13-ны хурлаас Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах орон сууцны хорооллын орц, гарцыг шийдвэрлэх тэмдэглэл гарсан. Энэ дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Эрэл” ХХК-д газрыг чөлөөлөх хугацаатай мэдэгдлийг тавдугаар сарын 4-нд өгсөн. Гэвч өнөөдрийг болтол тус компани хариу өгөөгүй, компанийн удирдлагууд олддоггүй, бүтээн байгуулалтад хүндрэл учруулсан асуудал тулгарч байна” гэлээ.