Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр хэрэгжиж байна
6 сарын 30, 2022

  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын дарга Т.Дүүрэн нар өнгөрсөн тавдугаар сард Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Санамж бичиг байгуулах үеэр талууд МҮХАҮТ-аас хэрэгжүүлж буй “1000 CEO, 1000 хүчирхэг компани” хөтөлбөрийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ /ЖДҮҮ/ эрхлэгчдэд зориулсан олон улсын сургалт зохион байгуулахаар болсон билээ. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр МҮХАҮТ, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ хамтран “Ковидын дараах бизнесийг эрчимжүүлэх менежментийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж байна.

Тодруулбал, тус хөтөлбөрийн эхний сургалт танхим болон цахим хосолсон хэлбэрээр тавдугаар сарын 30-наас зургадугаар сарын 30-ны хооронд нэг сарын хугацаанд үргэлжилж, сургалтад хамрагдсан ЖДҮҮ эрхлэгчид өнөөдөр батламжаа гардан авлаа. Хөтөлбөрийн эхний элсэлтэд гоо сайхан, хүнс үйлдвэрлэл, банк, санхүүгийн байгууллага зэрэг чиглэлээр бизнес эрхэлдэг 12 ЖДҮҮ эрхлэгч хамрагджээ.


“Ковидын дараах бизнесийг эрчимжүүлэх менежментийн хөтөлбөр” нь эдийн засгийн сэргэлтийг бий болгох, бизнес эрхлэгчдээ дэмжих, ажлын байр хадгалах зэрэгт чухал ач холбогдол үзүүлэх юм. Уг хөтөлбөрийг туршлагатай менторууд болон МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес академиас боловсруулсан бөгөөд нэгээс доошгүй жил үйл ажиллагаа явуулсан, сургалтад бүрэн хамрагдах зорилготой ЖДҮҮ эрхлэгчид хамрагдах боломжтой. Мөн хөтөлбөрт хамрагдсанаар бусад ЖДҮҮ эрхлэгчидтэй хамтран ажиллах, тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд менторуудаас зөвлөгөө авах, бизнесээ өргөжүүлэхэд чиглэсэн нарийвчилсан төлөвлөгөө гаргах,  мэргэжлийн түвшний удирдах чадварт суралцах боломж нээгдэнэ. Цаашид тус сургалтыг тогтмол зохион байгуулах юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР